Өчигдөр Америкын Нэгдэн Улсын Лас Вегас хотод болсон халдлагад өртөгсдөд холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбоо болох UFC-ийн зүгээс 1 сая ам.доллар хандивлах болсныг тус холбооны ерөнхийлөгч Дана Уайт мэдэгдлээ. Уг халдлагын үеэр 59 хүн нас барж, 500 гаруй хүн шархдсан юм.
Мөн бямба гаригт Т-Мобайл аринад болохоор товлогдоод байсан UFC-216 багц тулааныг төлөвлөсөн ёсоор явуулна гэдгээ мэдэгдлээ. Уг тулааны үеэр хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Тони Фергусон болон Кевин Ли нар тулалдах юм.
Албан ёсны мэдэгдэлд:
“Бид Ням гаригт болсон уг халдлагад өртсөн хүмүүс болон ар гэрийнхэн, нийгэм рүү чиглэж, тэднийг дэмжих ёстой гэдгээ ухамсарлаж байна. Мөн бямба гаригт товлогдсон UFC-216 тулааныг төлөвлөгөөний дагуу явуулах болно” гэжээ.
Уг хотод хүүхэд насаа өнгөрөөж, Бишоп Горманы ахлах сургуульд сурч байсан Дана Уайт мөн хандивын аянд нэгдэх болсон талаараа орон нутгийн сэтгүүлч Адам Хиллд дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Яг одоогийн байдлаар Невада мужийн амбан захирагчийн сонгуульд өрсөлдөхөөр болоод байгаа Стив Сисолак хэмээх эрхэм уг халдлагад өртөгсдөд болон тэдний гэр бүлийнхэнд туслах сайтыг нэгээд байгаа юм. Уг хандивын аян эхэлсэн цагаас хойш 1.2 сая ам.долларын хандив цуглаад байгаа гэнэ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |