МХБХ-ны “Хүрхрээ” Үндэсний дээд лигийн тэмцээний сүүлийн тойргийн тоглолтууд өнөөдөр эхэлсэн. Эхний тоглолт Эрдэнэт хотод болсон бөгөөд талбайн эзэн Хангарьд хүснэгтийн дэд байранд бичигдэж байсан Улаанбаатар ситиг хүлээн авсан юм. Энэ тоглолтод Нийслэл хотын баг заавал ялалт байгуулж байж мөнгөн медаль зүүх боломжтой болох байсан юм.
Улмаар зочин үүнийгээ тун сайн ухамсарлаж үндсэн цагт 4-1 харьцаатай хожил авчээ. Улаанбаатар ситигээ Артём Дробишев 13' , н.Мижиддорж 30' , н.Эрдэнэбаяр а.г 78', Г.Гантогтох 90+3' нар оруулсан байна. Харин талбайн эзэн багийн цорын ганц гоолыг хагас хамгаалагч С.Ганхуяг 58' оруулжээ. Ингэснээр тэд хүссэн үр дүндээ хүрч Үндэсний дээд лигийн мөнгөн медалийг зүүхээр болжээ.
Харин энэхүү тоглолтын үр дүнг хүлээж байсан Атлетик 220 баг сүүлийн тойрогт Сэлэнгэ Пресстэй оноолт таарсан юм. Гэсэн ч Сити тоглолт эхлэхээс 2 цагийн өмнө мөнгөн медалийн болзолоо хангасан тул өрсөлдөөний ач холбогдол багасчээ.
МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолт тун үзүүштэй үргэлжилж, 3-2 харьцаатай Сэлэнгэ Прессын ялалтаар тоглолт өндөрлөжээ. Хожлын гоолыг тоглолтын 84 дэх минутанд Сэлэнгэ прессын Япон легионер Таку Хишида оруулсан байна. Харин Атлетик-220 багаас шилдэг довтлогч Н.Наранболд 2 ч гоолыг оруулснаар 15 гоолтой энэ Үндэсний лигийн мэргэн буучаар тодорсон юм.
Ийнхүү дээд лигт анх удаа оролцож байгаа Улаанбаатар сити, Атлетик-220 багууд медалийн болзол хангалаа. Маргааш МХБХ-ны “Хүрхрээ” Үндэсний дээд лигийн 18-р тойргийн сүүлийн 3 тоглолт, хаалтын үйл ажиллагаа болно.
Г.Баяраа
Уншиж байна |