Елена Остапенко саяхан Уханий нээлттэй тэмцээний 1/8 шигшээд Гарбин Мугурузаг ялж сенсаци дэгдээлээ. Францын нээлттэй тэмцээнд аваргалж, Солонгосын нээлттэй тэмцээний аваргаар тодорсон бүсгүй Испани бүсгүйг 1-6, 6-3, 6-2-оор буулган авснаар Австралийн тамирчин Эшли Бартитай 1/4 шигшээд тоглохоор болоод байна.
Хэрвээ тэрбээр энэ тэмцээнд түрүүлж гэмээнэ энэ жилийн их дуулгын болон томоохон нээлттэй тэмцээнээс гурав дахь түрүүгээ хүртэх юм. Өдгөө хорин настай бүсгүйн хувьд магадгүй замналынх нь хамгийн оргил амжилт энэ жил тохиож байх шиг байна.
“Заримдаа дараагийн тэмцээндээ бэлтгэх завгүй байх нь бэлдсэн үеэс ч дээр байх тохиолдол байдаг юм байна. Хааяа маш сайн бэлдсэн ч тэмцээний эхний шатнаас мултрах үе байдаг шүү дээ. Харин нэг тэмцээнд түрүүлчихээд бэлтгэл хийлгүй дараагийн тэмцээндээ шууд орох нь өөртөө итгэх итгэлийг улам нэмдэг юм шиг санагдаж байна. Яг л ийм зүйл боллоо. Эхний тоглолтонд орохдоо яана даа гэж байсан бол одоо харин энэ хүртэл явчихаад байна шүү дээ.” хэмээн тэмцээнээс тэмцээний хооронд завгүй өнгөрүүлж байгаа өөрийнхөө талаар хошигнолоо.
Харин түүний өрсөлдөгч “Тэр маш эрч хүчтэй тоглосон гэж бодож байна. Түүний маш олон цохилт авахын аргагүй байсан. Яг эгзэгтэй үед тэр маш зөв шийдвэр гаргаж байсан.” хэмээжээ.
Мөн дараагийн өрсөлодөгчийнхөө талаар Остапенко “Бид өмнө нь Ромд тоглож байсан. Би түүнийг гайхалтай тамирчин гэж боддог. Залуухан байна. Би хэрвээ өөрийнхөө шилдэг тоглолтыг гаргаж чадвал бид гайхалтай нэгэн тоглолтоор үзэгчдэд бэлэг барих байх” гэж мэдэгдлээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |