Хэдо Турколуг Туркээс төрөн гарсан хамгийн шилдэг сагсан бөмбөгч гэдгийг уншигчид сайн мэднэ. Түүний араас хэсэгхэн цаг хугацаанд боломжийн тоглосон нэгэн бол Омер Ашик. Хьюстон Рокэтс багийн бүрэлдэхүүнд байхдаа замналынхаа хамгийн оргил үзүүлэлтүүдийг дунджилж байсан Ашик Пэликанст ирснээс хойш нэг л өөдлөөгүй. Энтони Дэвис, Алекс Ажинса зэрэг тоглогчдын араас талбайд гарах нь өдрийн од мэт болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Мөн өнгөрсөн улиралд солилцоо наймааны цонх хаагдахаас өмнө буюу бүх оддын тоглолтын үеэр Дэмаркус Казинс Нью Орлеанс хотод ирснээр түүний Пэликанст өнгөрүүлж буй замналд цэг тавьчихсан ч гэж хэлж болохоор болсон.
Тэгвэл саяхан түүний мэргэжлийн сагсан бөмбөгчний замналд ч цэг тавьж магадгүй нэгэн мэдээ гарсан байна. Тодруулбал Пэликанс багийн талаар дагнан бичдэг нэгэн сэтгүүлчийн мэдээлж байгаагаар Ашик нь Кроны өвчинтэй гэнэ. Уг өвчин нь ходоод гэдэсний замын архаг үрэвсэлт өвчин юм байна.
Өнгөрсөн улиралд бактерийн гаралтай өвчин тусч ердөө 31 тоглолтод оролцсон том залуу энэ зуны амралтаар эмчийн үзлэгт орсноор энэ өвчин нь илэрсэн байна. Уг архаг өвчин нь нарийн болон бүдүүн гэдэс, түүнчлэн шулуун гэдэснээс цус алдах хүртэл аюулд хүргэж болох өвчин юм байна. Зарим тохиолдолд сар хүртэлх хугацаагаар ч эмнэлэгт хэвтэн эмчилж, биеийн байдлыг хянах эмчийн заалттай байдаг. Хэрвээ эмийн болон сувилалын эмчилгээ үр дүнд хүрэхгүй бол мэс ажилбар хүртэл хийхэд хүрдэг гэнэ.
Энэ бүхнээс харахад Турк эрийн сагсан бөмбөгийн талбайд тоглох хугацаа эцэстээ хүрч байгаа бололтой.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |