Монголын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хагас шигшээн сүүлийн тоглолт өчигдөр боллоо. Энэ нь Эф Си Улаанбаатар–Дэрэн клубүүдийн өрсөлдөөн байсан юм. МХБХ-ны цэнгэлдэхэд болсон уг тоглолтын ялагч нэмэлт цагт шийдэгдсэн нь хэр өрсөлдөөнтэй болсныг гэрчилнэ.
Тоглолтын эхний хагаст Дэрэн клубээс Б.Ууганбат, О.Мөнх-Оргил нар өөрийн хаалганд авто гоол оруулснаар Эф Си Улаанбаатар 2:0 харьцаатай тэргүүлж эхэлсэн байна. Харин сүүлийн хагаст энэ зөрүүг Б.Гарьдмагнай тэргүүтэй Дэрэнгийн залуус арилгаж чадсан юм. Ялангуяа тэдний дундаас М.Жансерик онцгой сайн байлаа. Тэрбээр сүүлийн хагасын 62’ болон 90+2’ минутанд гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн байна.
Гэхдээ нэмэлт цаг сунгахад цорын ганц гоол орсон нь Дэрэнгийн хаалгыг чиглэжээ. Тоглолтын 105’ минутанд Эф Си Улаанбаатар клубын Серби легионер Милош Перишич хожлын гоолыг оруулснаар 3:2 харьцаатай Эф Си Улаанбаатар ялалт байгуулсан байна.
Ийнхүү холбооны цомын тэмцээн өндөрлөхөд ердөө нэг тоглолт үлдлээ. Энэ жилийн финалд Улаанбаатар сити-Эф Си Улаанбаатар багууд шалгарч Холбооны цомын төлөө өрсөлдөх болжээ. Шигшээ тоглолт ирэх 10-р сарын 8-ны 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.
Г.Баяраа
Уншиж байна |