Чингис хааны тахилга Чикаго хотод болов

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөрт зориулсан Чингис хааны тахилга Чикаго хотод анх удаа боллоо. Уг арга хэмжээний онцлог нь Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг хүндэтгэн үзэж энэхүү өдрийг тэмдэглэжээ. Чингис хааны тахилгыг тус улсад байрлах монголын буддын соёлын Гандан төвийн лам нар зохион байгуулсан байна.
Эзэн богд Чингис хааныг монголын буддизмд Очирваань бурханы хувилгаан гэж үздэг. Үүнээс улбаалан түүхэн эх сурвалж мөшгөвөл Өгөөдэй хааны эхлүүлсэн Чингис хааныг тахих тахилгын зан үйл 700 гаруй жил үргэлжлэхдээ Хубилай хаанаар дамжин хөгжиж явсаар буддын шашны зан үйлээр тахидаг болж судар ном нь зохиогджээ.
Автай сан хааны үед Чингисийн тугийг тахидаг тусгай лам нар байсан бол, Сэцэн хан аймагт 1863 онд То Ван Тогтохтөрийн байгуулсан "Туг Чингисийн сүм"-ийн бүх зан үйл 1937 он хүртэл тасралтгүй буддын дэг ёсоор явж ирэхдээ монгол лам нар жилд 5 удаа Чингис хааныг тахиж байсан нь монголын бас нэгэн соёлын томоохон үйл хэрэг байсан байна.
Уг сүм нь хэлмэгдүүлэлтийн үед устаж үгүй болсон ч бидний золоор гэрэл зураг нь, дотоод зохион байгуулалт дэг ёс нь маш нарийн түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.
Чингис хааны тахилгын сан судар, монгол төвд хэл дээр, Төв номын сан, Гандантэгчэнлин хийдийн номын санд байгаа эх сурвалжилд тулгуурлан ном болж хэвлэгдэж байна.
Зохион байгуулагчид дээрхи түүхэн эх сурвалж, ном, сударт тулгуурлан мөн өнөөдөр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Чингис хааны Хар зүрхний хөх нуурт тахилга хийж байгаа горимоор тахилгыг хийжээ.
Энэ нь Чингис хааныг буддист байсан гэж батлах гэсэн оролдлого биш юм. Мөн өөр шашин тахиж болохгүй гэсэн хоригч биш юм. Энэ нь түүхэн үнэнг сэргээж, буддын лам нар Чингис хааныг хэрхэн дээдлэн залдаг байсны батлаж байгаа явдал юм.
Тахилга өмнө нь Америкт оронд болж байсан бусад тахилгаас их өөр болжээ. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг хүндэтгэн, Хааныхаа мэндэлсэн өдөрт зориулж, хуучин уламжлалаа сэргээж, идээ шүүстэй, айраг цагаатай зөвхөн монголчуудын дунд болсноороо онцлог болов.
Уг тахилгын ёслолыг дэмжиж Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа элчин сайд мэндчилгээ дэвшүүлж, өргөмжлөлт консул баяр хүргэж, хилийн чанад дахь төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл дэмжиж оролцсон бол, Америкийн монгол холбоод дэмжиж хамтран зохион байгуулсан явдал байлаа.
Анх удаа тэмдэглэсэн Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр гадаад оронд байгаа монголчуудад хараахан тэмдэглэж сураагүй шинэхэн баяр байлаа. Цугласан олон үндэсний хувцсаа өмсдөг өдөр нэгээр нэмэгдлээ гэж баярлаж байв. Энэ нь хойч үед уламжлал болж тогтох нэг суурь арга хэмжээ болсноос гадна тахилгын судрыг англи, монгол, төвд, монгол бичгээр хэвлүүлэн нийтийн хүртээл болголоо гэж Чикаго хотын монголын буддын соёлын Гандан төвөөс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ