Бутаны хаан хүүтэй болно

Бутаны вант улсын эзэн хаан Жигме Кхесар Намгьян Вангчукийн гэргий, хатан Жецун Пема жирэмсэн болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү мэдээллийг хааны ордноос баталсан аж.
“Хааны гэр бүл ирэх онд анхны хүүхдээ өлгийдөн авна. Хатны биеийн байдал хэвийн байгаа” гэж мэдэгдсэн байна. Мөн хааны анхны хүүхэд “хүү” хэмээн албаны эх сурвалж уламжилжээ. Ордны оточ “Хатан ирэх оны хоёрдугаар сарын эхний долоо хоногт амаржина” гэж хэлсэн байна.
Хаан, хатан хоёр ийнхүү таван жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авахаар болжээ. Тэд 10 насны зөрүүтэй бөгөөд хатан Пема Лондонгийн их сургуулийн төгсөх ангийн оюутан байхдаа хаантай танилцаж, Бутанд амьдрах болсон юм. Тэрбээр 2013 оны долоодугаар сараас буяны арга хэмжээ зохион байгуулах болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ