Монгол Улсын Засгийн газар стратегийн ордуудын 34-51 хувийг төрийн мэдэлд авах хууль хэрэгжүүлэхтэй зэрэгцээд хувийн хэвшлүүдээ нийгмийн сүлжээгээр дүүжилж буй. Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл шүүхийн өмнөөс бараг яллах дүгнэлт үйлдэхийн наагуур мэдэгдэл хийв. Өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа О.Алтангэрэл ‘’Ухаа худгийн лицензийг албан тушаал эрх мэдлээ ашиглаж өөр дээрээ авсан байж болзошгүй хүнийг шалгана’’ гэсэн нь Сү.Батболд, Санжийн Баяр руу Засгийн газар их буугаа онилсон нь илт. Үүнд нь ч Санжийн Баяр өөрийн твитер хуудаснаа байр сууриа илэрхийлж буруутай бол хариуцлагаа хүлээнэ гэв. Одоо тэднийг сошиалаар дүүжлээд хэдийнэ эхэлчихсэн.
Үүнээс том асуудал бол MCS-ийн Энержи Ресурс ХХК-ийн эзэмшиж буй Ухаа худаг. Уг ордыг 2008 онд Санжийн Баяр Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын тогтоолоор Энержи Ресурс ХХК-д эзэмшүүлсэн нь өнөө үргэлжилж байгаа маргааны том сэдэв.
Ухаа Худгийг төрд буцааж авах асуудал эд дүрэлзэж буй.
Л.Оюун-Эрдэнэ MCS-тэй дайтаад нэмэргүй гэдгийг хамгийн сайн мэдэх хүн. Учир нь олон улсын бирж дээр 63 хувь нь гарчихсан уг компанийн эзэмшлийн ордыг Засгийн газар авчихвал олон улсын арбитр дээр улсаараа дааж давшгүй өрөнд унана. Бидэнд ийм гашуун туршлага бий. Сануулбал Монголын Засгийн газар Канадын Хан Ресурс компанийг яг ийм замналаар дээрэмдэж эцэстээ 100 сая ам.долларын өрөнд унаж байв. Л.Оюун-Эрдэнийн MCS-ийг чиглэж буй дайн ийм л төгсгөлийг авчирна.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн Ухаа худгийг чиглүүлсэн нүүдэл Д.Амарбаясгаланд зовлон болж мэдэхээр байна. Засгийн газар стратегийн ордуудад төрийн эзэмшил тогтоох саналаа Их хуралд өргөн барьж, Д.Амарбаясгалан алх цохино. Гэтэл энэ Их Хуралд MCS-ээс сонгуулийн хандиваа авсан тоймгүй олон гишүүд бий. Х.Оджаргалын хавханд хэдийнэ орчихсон гишүүд тэжээгчийнхээ өмнөөс тийчигнэнэ гэж юу байх вэ? Тэгэхээр эцэстээ стратегийн ордуудыг авч ард түмэндээ хишиг тараах гэж оролдсон Л.Оюун-Эрдэнэ баатар болж, Д.Амарбаясгалан ба түүний нөхөд энэ бүхний шаварт унах улстөрийн нүүдэл хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд гал авалзуулах нь ээ.
Уншиж байна |