Н.Энхбаяр: Надад хэлэх зүйл их байна
МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр Чингис хаан олон улсын нисэх буудалд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Эх орондоо ямар хугацаагаар ирж байгаа вэ?
-Хэд хонохыг тодорхой хэлж чадахгүй. Та бүхэн мэдэж байгаа. Төр засгийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж байна. МАН, АН хоёр хамтран ажиллаж байгаад Засгийн газраас МАН гарсан байгаа. Тэгэхээр МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл хамтраад Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлага гарч байна. Энэ ажилд бид аль болох тус дэмжлэг үзүүлэхийг бодож байна. 2012 оноос хойш манай Шударга ёс эвсэл энэ төр засгийг тогтвортой байлгах, гацаа гарвал тэрийг арилгах үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашдаа ч энэ үүргээ гүйцэтгэнэ гэж бодож байна. Манай эвслийнхэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ярилцаж, хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж, намайг ирээч гэсэн. Улс орон амаргүй нөхцөл байдлыг туулах мөчлөг таарсан байна. Нөхдөдөө ч, энэ Засгийн газрыг ч тогтвортой, ирээдүйгээ харсан байхад нь туслах гэж ирж байна. Ард түмэнтэйгээ ч уулзъя. Энэ агаарыг амьсгалж, усыг уухаар ирлээ.
-Таныг Шадар сайд болно гэсэн мэдээлэл байгаа?
- Би албан тушаал хөөцөлдөж байсан бол аль хэдийнэ тэр бодлоо илэрхийлэх байсан. Надад ямар нэг албан тушаал хэрэггүй. Харин хүнд, хэцүү нөхцөлд байгаа Засгийн газарт тусалъя гэж бодож байна. Зөвлөж, туршлагаасаа хуваалцаж, дэмжиж тусалъя.
-Өршөөлийн хууль батлагдангуут ирж байгаа нь санаандгүй хэрэг биш байх?
-Хаалттай хурлаар хэлэлцсэн асуудал гэж ойлгож байгаа. Тиймээс дотор болсон үйл явцыг мэдэхгүй. Төр өршөөлийн хуулийг гаргах эрхийг эдэлдэг. Анх удаа хийж байгаа ажил биш. Намайг Ерөнхийлөгч хийж, УИХ, Засгийн газарт ч ажиллаж байхад энэ хууль нэг бус удаа гарч байсан. Тэгэхээр төрийг хийх ёстой ажлаа хийж байна гэж ойлгож байгаа.
-Эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал хүнд байна. Та ямар гарцыг санал болгох вэ?
-Мэдээж хэрэг, гарц бол бий. Тэгэхээр хамтдаа сууж байгаад эрж хайвал тэр гарц олдоно. Тэрэнд нь миний санаа бодол нэмэр, хандив болвол би баярлана. Харин хэрэггүй гэж үзвэл би санаа бодлоо зүтгүүлж, хүмүүсийн ажилд саад болох ямар ч хүсэл байхгүй. Энэ улс орныхоо төлөө бүгд зовж байгаа. Ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн бол өөрийн эрхгүй зовдог юм байна. Ингэчихгүй, тэгчихгүй яав даа гэсэн бодол өөрийнхөө эрхгүй төрдөг юм байна. Тиймээс хэлэх зүйл их байна. Гэхдээ хийх хүмүүс нь миний санаа бодлыг хүлээж аваад хийвэл тооны хувьд цөөхөн ард түмнийг амар амгалан амьдруулах бололцоо төр засагт байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Таныг ирээд явсны дараа Н.Алтанхуягийн Засгийн газар унасан. Үүнийг таньтай холбож тайлбарлаж буй. Харин одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газар бас түвэгтэй байдалд байна. Энэ улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Н.Энхбаяраас болоод хэн нэгэн хүн унаж, Засгийн газар солигддог гэж ярих нь өрөөсгөл байх. МАН-ыг Засгийн газар оруулж, гаргахыг би бодоогүй, хийгээгүй. Тиймээс Засгийн газарт хэн нэгэн орох, гарах асуудал надаас шалтгаалаагүй. Манай эвсэл 2012 онд Засгийн газарт орсон. Үерхэлдээ үнэнч хэвээр байгаа. Цаашдаа ч ачаагаа үүрнэ. Хэн нэгнээс болж Засгийн газар уналаа гэж ярихын оронд Монгол Улсаа яаж Солонгос, Хятад, Оросоос дутуугүй хөгжүүлэх вэ гэдгийг л бодож байна. Би Ерөнхийлөгч байхдаа гурван 15-ын бодлого ярьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Эдийн засгаа жил бүр 5 хувиар өсгөе. Тэгвэл 15 жилийн дараа нэг хүнд 15 мянган ам.доллар ногддог улс орон болно гэж 2005 онд хэлж байсан. Харин сүүлд бодоход би хэтэрхий даруу, болгоомжтой ярьж байж. Үүнээс ч хурдан хөгжих боломж байгаа гэж харж байна. Гэхдээ үүнийг ямар нэг албан тушаал авчихвал хийнэ гэсэн утгаар хэлээгүй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ