“Хан Ресурс”-ын захирал Монголд амиа алджээ

Канадын “Хан Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Жим Диок Монгол Улсад амиа алдсан тухай “www.coastreporter.net” мэдээллээ. Түүний цогцсыг албаныхан нэгэн зочид буудлаас олсон байна. Жим Диок Монголд хэдхэн хоногийн өмнө хүрэлцэн ирээд байжээ. “Тэрээр Монголын Засгийн газрын нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, гэрээ хэлэлцээр хийхээр тус улсад хүрэлцэн ирээд байсан бөгөөд учир бүтүүлгээр амиа алдсан. Хэргийг шалгаж эхэлсэн” гэж Жим Диокийн үндэслэн байгуулсан Канадын “www.BNN.com” сайтад мэдээлжээ. Захирлыг ямар нэртэй зочид буудалд буусан болон хэрхэн амиа алдсан гэх мэдээллийг албаныхан өгөхөөс эрс татгалзсан гэдгийг тус сайт дурьджээ.
Монголын Засгийн газар 2009 онд Дорнодын ураны орд газарт үйл ажиллагаагаа явуулж байсан тус компанийн лицензийг цуцалсан юм. Энэхүү үйл явдлын дараа “Хан Ресурс” компани олон улсын арбитрийн шүүхэд гомдол гаргаж, Монголын Засгийн газрыг шүүхэд өгчээ. Шүүх хурал 2012 оны тавдугаар сард Парис хотноо эхэлсэн билээ. Тус компани арбитрийн шүүхэд ялалт байгуулж, Засгийн газраас 100 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулахаар болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ