Өчигдөр талбай дээр өвөрмөц жагсаал болсон. Унтсан талыг сэрсэн тал болгодог комбайн трактортой тариаланчид Чингисийн талбайг сэрээх гэж оролдов. Ордны цонхоор харж байсан гишүүд, сайдууд сэрсэн эсэхийг мэдэхгүй байна. Харин төв талбайн баруун талд сүндэрлэх Хангарьд ордны шилэн цонхны цаанаас Үүл баатар энэ жагсаалыг харсан байх. Хэдэн жилийн өмнө сэлэнгэчүүдийг босгон, тракторт гэр ачин талбай дээр хүчнийхэнтэй халз тулж байснаа дурссан байх.
х
Төлбөртэй жагсаал байна гэж зарим нь төлбөртэй комментоор шургаж байна лээ. Телевизийн камерт нэг тариаланч эмэгтэй уйлж байна. Захиалгаар уйлсан гэх бий дээ. Хавар, зун намрын хөлс хүч нь талаар болохын хажууд урам сэтгэл унтрах гэдэг ямар байхав. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугалчихаж бай гэж манай өвгөд яасан үнэн хэлээ вэ. Хураасан тариаг нь авахгүй бол авахгүй л биз. Мал малла, битгий давар гэж басамжлах нь даан ч чихэнд наалдацгүй. Тариаланчдыг мөнгө олдог байж даварлаа л гэж байна. Ядуу болоод ажилгүй байх нь манайд жагсаал хийж болох цорын ганц хүндэтгэх шалтгаан гэж хуульчлаагүй байгаа. Яасан хоосорсон сэтгэлгээ, дүлийрсэн тархи, улайрсан шуналтай тархинууд вэ гэж буурал өвгөдөөрөө зандруулмаар. Харамсалтай нь тэд маань одоо мөнх бусыг үзүүлжээ.
х
Валютын ханшаас 120 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Хүүгийн хүү гээд Хаан банкны барьцаанд орсноо тариаланчид хэлж байна. Гэтэл гурилын үйлдвэр рублийн ханш доошоо орсон “шаанс” дээр ашиг хийх гээд байгаа хэсэг байна гэсэн хардлагаа бас хэлж байна. ... Үндсэндээ 15 сая ам.долларын импорт хийхэд 30 хувийн ашигтай гэж бодоход 5 сая ам.доллар л олох гээд тэрийгээ яам, тамгын газрынхантай нэгтгэж ажиллаад байна. ....гэж тариланчид бухимдаж байна.
х
Таван сая ам доллар. Аймаар мөнгө шүү. Хатгаж байгаа юм биш л дээ. Цуваа галт тэргээр буудай зөөж хэдхэн рейс хийхэд палхийтэл ороод ирэх мөнгө гэж бодсон чинь аманд арай гэж л багтаж байна. Импорт гэдэг эрхэлсэн хүндээ ийм л ашигтай, хавь ойрынхон хамжсан дэмжсэндээ том унацтай болохоор, хэн нэгэн биднийг баялаг бүтээгч биш бүтээгдэхүүнийг импортлогч болгон сургасан байх. Үүний хажуугаар их мөнгө, ашгийг дагасан их үгүйсгэл бас яваад байх шиг.
х
Хүний чанар муудахаар хөрс шорооны чанар бас дагаад мууддаг юм болов уу даа. Хагас зууны туршид сүүний үнэртэй тариа өгдөг байсан газар шороонд минь цавуулаг гэж байхгүй болсон тариа буудай ургадаг болсон гэдгийг нотлох гэж 1 сар зүтгүүллээ. Жилдээ 250 мянган тонн гурилыг гэртээ зуураад цохьчихдог улс юм байна бид. Үүнийг үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаан буудай шаардлагатай. 800 гаруй тариалан эрхлэгчдийн хураасан тариа 355 мянган тонн болсон гэнэ. Эрэлт нийлүүлэлт нь бараг л мөргөсөн харагдана. Гэтэл энэ буудайны яг л 1/3 нь буюу 100 мянган орчим тонн нь манай гурилын үйлдвэрт ашиг болж наалдахааргүй, цавуугүй болчихсоныг тогтоочихсон үйлвэрлэгчид гараад ирчихжээ. Тэнгэр аргадаж, газар үнсэж байж мөнгө босгодог тариаланчид, чанараар өрсөлдөж борлуулалтаа нэмэгдүүлж ашиг олдог үйлдвэрлэгч нар ивээл жилтэй эхнэр нөхөр хоёр шиг эв нийцтэй хорших ёстой. Энэ хоршлыг нөхцөлдүүлсэн өнөөх эрэлт нийлүүлэлт нь нэг цэг дээр огтлолцсон харагдана. Гэтэл дотоодын нийлүүлэлтээ “жийх” гэсэн үйлдвэрлэгчид буруу хараад эхэлсэн санагдлаа. “Жийх” гэж хэлэхийн учир байна л даа. Сүүлийн байдлаар гаргасан мэргэжлийн хяналтынхны дүгнэлт бол манай буудайны талд буюу 70-80 хувь нь цавуулагтай л гэж гарсан. Гэтэл чанартай гурил хийхэд Оросын 100 мянга тонн буудай дутлаа гэж гүрийхийг нь сонсоод эх орны буудайг “жийлээ” гэхээс өөрцгүй.
х
Жоохон хадуураад хэлчихэд цагаан сар дөхсөн, улаан буудайн талцаан өндөр авсан энэ цаг үеийг соргог мэдэрсэн реклам радио телевизээр “пиг” явж байна. “Яанаа хайраа бууз ёроолгүй болчихжээ. Одоо гараад тэр /?/ үйлдзвэрийн гурилыг авчихья гэсэн утгатай. Өнөөх шударга өрсөлдөөний хууль гэдэг нь Магнай даргатай цуг алга болсон юм уу, бүү мэд. Нэгийг битүүхэн муулж өөрийгөө өргөсөн энэ сурталчилгаанд өнөөх газрын гай “цавуулаг”-ын сануулга зүүлттэй.
х
Аз болоход манай шинэлээчид ой сайтай. Хаанаас авсан ямар гурилын бууз ёроолгүй мултраад байсныг санахтайгаа. Харин тэр гурилыг Орос, Монгол аль буудайгаар үйлдвэрлэснийг яг таг хэлж мэдэхгүй тул ингэж рекламдаж болж байгаа юм. Би бээр нь энэ асуудал дээр нэг талд гарч захиалгаар бичих ямар нэг талын “цавуулаг”-гүй болно. Алгаа тосоод авахад ариун сүүний үнэртэй, нар хурын шим, атар хөрсний амт болсон амуу тариаг минь муулаад байхаар нь эгдүүцлээ нуусангүй.
р
100 хувьтай юм гэж хаана байна. 30 хувь нь цавуулаг муутай л байг. 10 мантууны 3 нь хөөлт муутай л байг. Тариаланчдаа дэмжээд ёроолгүй бууз ганц жил идье, яадгийн. Дараа жил харин жигнүүр дүүрэн бууз бүгдээрээ ёроолтой байх ёстой шүү, манайхаан.
а
Пүрэвжавын Баярхүү / тоймч/