Сэтгүүл зүйн салбарт “Содон” өнгө бий боллоо
Бидний өдөр тутмын амьдралд хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл зайлшгүй хэрэг болдог. Харин энэ талын мэдээллийг хүн болгон тэр бүр хүртээмжтэй, ойлгомжтой авч чаддаггүй. Тэгвэл өнөөдөр энэ бүх асуудлыг шийдэх, иргэдэд хууль эрх зүйн бүх талын мэдээллийг хамгийн энгийн, ойлгомжтой, хүртээмжтэйгээр олгох “Содон” хэмээх шинэхэн сэтгүүл хэвлэл мэдээллийн салбарт мэндэллээ.
:
“Эрх зүйн мэдээллийг иргэн бүрт” уриаг дэвшүүлэн, нэрнээсээ л сонин содон бүхнийг өөртөө агуулсан тус сэтгүүлийн нээлтэд сэтгүүл зүй болон хууль зүйн салбарын төлөөлөлүүд оролцсон юм. Энэ үеэр МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор С.Амартүвшин “Иргэдэд ус, агаар мэт хэрэгтэй мэдээллийг өгч буйгаараа “Содон” сэтгүүл чухал үүрэг гүйцэтгэж байна. Анх удаа хуульчид, сэтгүүлчид хамтран хууль эрх зүйн чиглэлийн төрөлжсөн, чанартай мэдээллийг ард иргэддээ хүргэж байгаад баяртай байна” гэлээ. Харин Bataar.mn сайтын захирал Х.Соёл-Эрдэнэ “Хууль эрх зүйн чиглэлээр телевизийн цөөхөн хэдэн цагийн нэвтрүүлэг л байдаг. Харин “Содон” сэтгүүл гарснаар жирийн иргэд, уншигчдад хууль эрх зүйн мэдлэг олгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.
Дашрамд дурдахад хэвлэлтээс гараад удаагүй “Содон” сэтгүүлийн хамгийн анхны дугаарт хууль эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд батлагдсан хуулиуд, эрүүл мэндийн даатгалын талаарх цогц мэдээлэл, өнөөгийн нийгэмд тулгамдаад буй хар тамхи зөөвөрлөх асуудлыг болон гэр бүлийн хүчирхийллийн талаар хөнджээ. Мөн хуулийн засаглалын талаар хийсэн сурвалжлага, улс орон болон дэлхий дахин өрнөсөн үйл явдлууд зэрэг маш өргөн цар хүрээтэй мэдээ мэдээллүүд багтжээ.
:
Бид “Содон” эрх зүйн мэдээллийн сэтгүүлийн нээлтийн үеэр тус сэтгүүлийн зөвлөх болон эрхлэгчтэй нь уулзаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
:
Ж.Хунан: Иргэд эрх ашгийнхаа төлөө явах чадвартай болно
/Иргэдийн эрх зүйн танхимын хуульч, сэтгүүлийн зөвлөх/
-“Содон” сэтгүүлээр дамжуулаад иргэдэд хууль эрх зүйн талын мэдээ, мэдээллийг олгохын зэрэгцээ төрийн байгууллага, гаргаж буй хууль шийдвэрүүдийн талаар мэдээлэл бэлтгэж хүргэснээр иргэд өөрсдөө мэдлэг мэдээлэлтэй болон чадавхижиж, өөрсдийн эрх ашгийн төлөө явах чадвартай болно гэж үзэж байна.
Сэтгүүл гэдэг өөртөө олон талын мэдээллийг агуулдагаараа онцлог тул иргэд “Содон” сэтгүүлээс цогц мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү сэтгүүл дээр Иргэдийн эрх зүйн танхимтай хамтарч буюу хуульчидтай хамтран ажиллаж буйгаараа онцлогтой. Энэ утгаараа иргэдэд хүссэн мэдээллийг нь хүргэж байх тул уншигчдад хууль эрх зүйн бас нэгэн эх сурвалж болж байгаагаараа онцлог.
.
Н.Түвшинжаргал: “Содон” сэтгүүл цэвэр эрх зүйн мэдээллийг хүргэхээрээ онцлог
/”Содон” сэтгүүлийн эрхлэгч/
-Өнөөдөр Монголын сэтгүүл зүйн салбарт анхны эрх зүйн чиглэлийн дагнасан сэтгүүл гарч байгаа. “Содон” сэтгүүл цэвэр эрх зүйн мэдээ мэдээллийг хүргэж байх юм.
Энэ сэтгүүлийг гаргах ямар хэрэгцээ байсан бэ гэдэг дээр би хоёр зүйлийг тодотгож хэлэх хэрэгтэй байх. Өнөөдөр олон нийтийн эрх зүйн боловсрол нэгдүгээрт маш сул байна. Хоёрдугаарт, хууль сурталчилах, таниулах ажлыг төрийн байгууллагууд маш хангалтгүй хийж байна. Иймээс иргэд эрх зүйн боловсрол дутмагаасаа хохирч буй олон тохиолдол гарч байгаа. Тиймээс бид иргэдэд эрх зүйн боловсрол олгох, мөн иргэдэд хэрэгтэй мэдээллийг өгөх үүднээс энэ сэтгүүлийг гаргах болсон. Жишээ нь, бид эрүүл мэндийн даатгал төлчихөөд эргээд ямар үйлчилгээ авахаа мэддэггүй гэх мэтчилэн шаардлагатай бүх мэдээллийг сэтгүүлээрээ дамжуулан иргэдэд хүргэнэ.
.
А.Жаргал
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ