Үндэсний компаниуд “Эврика”-г ивээн тэтгэхээр болжээ
Монголын Залуучуудын Холбооноос 1993 оноос тасралтгүй зохион байгуулж байгаа “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлын нэгдсэн хуралдаан өнөөдөр Төрийн ордны их танхимд боллоо. “Эврика-2014”-т 110 гаруй оюутан, 60 гаруй залуу багш нар нийт 10 салбарт өрсөлдсөн байна. Эдгээрээс шилдгийн шилдгээр залуу багш Ө.Бүрэнжаргал /ШУТИС/ “Баруун Монголын Цээлийн метаморф террейн дэх гүний чулуулгийн (магмын) түрэлттэй холбоотой дулааны хувьсал” сэдвээр, оюутан Б.Жаргалсайхан /ШУТИС/ “Оюут улаан зэс алтны порфирын хүдэржилтийн судалгаа” сэдвээр тавьсан илтгэлүүд шалгарсан байна.
s
Мөн энэ жилийн “Эврика”-ийн шагналын сан нилээдгүй өндөр буюу шилдгийн шилдгээр шалгарсан залуу багш 1.500.000 мянган төгрөг, оюутан 500.000 мянган төгрөг, Сургалтын төрийн сангаас 3 сарын оюутны урамшуулал тэтгэлэгээр шагнуулсан байна. Энэ жилийн нэг томоохон онцлог нь үндэсний хэмжээний томоохон компаниуд ивээн тэтгэж, 10 салбар хуралдааны шилдгүүдийн шагналыг өөр өөр компаниуд ивээн тэтгэсэн аж. Тухайлбал Хууль эрх зүйн салбарыг УИХ-ын Тамгын газар, Эдийн засгийн салбарыг “Атар өргөө” ХХК, Техник технологийн салбарыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийгмийн ухааны салбарыг “Номин Холдинг” ХХК, Газар зүй геологийн салбарыг “Мон лаа” групп, Байгалийн ухааны салбарыг “Бридж” группын “Everyday” салбар, Бизнесийн салбарыг “Эрин” интернэйшнл, Мэдээллийн технологийн салбарыг “Интерактив” ХХК, Экологи, Хөдөө аж ахуйн салбарыг “Mind tech” ХХК, Анагаах ухааны салбарыг “Монос групп” мөн “Мобиком” корпараци, “Скайтел” групп 10 салбарын шилдэг залуу багш, оюутнуудыг ивээн тэтгэсэн бөгөөд эдгээр компаниуд 10 жилийн турш ивээн тэтгэхээр болсон байна.
s
Мөн “Эврика”-д тавигдсан илтгэлүүд амьдрал дээр бодит ажил болж хэрэгжих, бүрэн боломжтойн дээр нийгэмд хэрэгтэй шаардлагатай байгаа, тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга зам, гарцыг нээж өгөхөд зохион байгуулагчид цаашид анхааран ажиллана гэдгээ илэрхийлж байсан юм. Сонирхуулахад “Эврика”-г ивээн тэтгэгч байгууллагууд сэдвээ өөрсдөө захиалж судалгаа шинжилгээ хийлгэх боломжтой юм байна.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ