Элчин сайдад нэр дэвшигч Ш.Батцэцэг, Ч.Сосормаа нарыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол болон Ажлын хэсгийн удирдамжийн төслийг хаалттай хэлэлцсэн. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн зарим улсад суух Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуунбаатарын Сосормааг тус тус томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлжээ. Энэ тухай танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хийж, нэр дэвшигчдийн талаар танилцуулсан.
Индонез, Бразил Улсад Монгол Улсаа төлөөлөн Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буй Ш.Батцэцэг, Ч.Сосормаа нар нь улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших боломжтой, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудад олон жил идэвхтэй ажиллаж ирсэн, олон улсын харилцааны туршлагатай хүмүүс гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэллээ.
Нэр дэвшигч Ч.Сосормаа сэтгэл зүйч, судлаач, төрийн захиргааны менежер мэргэжилтэй. 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа бол Ш.Батцэцэг жижиг, дунд бизнесийн удирдлагын менежер, багш мэргэжилтэй. 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2013 оноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэгийг, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Сосормааг тус тус томилохыг дэмжлээ.
Жакарта, Бразилиа хотуудад Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах асуудлыг Улсын Их Хурлын 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, 43 дугаар тогтоол баталсан. Энэ шийдвэрийн дагуу Засгийн газраас Жакарта, Бразилиа дахь Элчин сайдын яамыг 2014 онд байгуулахаар төлөвлөж, орон тоо, төсвийг нь баталсан байна.
.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ