Нягтлан бодогчид тангараг өргөнө
Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм батлагдсантай холбоотойгоор Монголын нягтлан бодох хүрээлэнгээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Уг хуралд Монголын нягтлан бодох хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Нямсүрэн нар оролцов. Монголын нягтлан бодох хүрээлэн дэлхийн олон улсын байгууллагаас гаргасан дүрэм журам дээр үндэслэж дүрмээ баталсан байна.
5
“Өмнө нь манай улсын нягтлан бодогчид ёс зүйн дүрэмгүй явж ирсэн. Нягтлан бодогчид дүрэм журмаас гадуур ажилласны улмаас ажил олгогч эсвэл гуравдагч талд хохирол учруулсны төлөө шийтгэгдэх тохиолдол гарч байсан. Иймд нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг баталдаг, хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа. Үүнийг үндэслээд “Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм”-ийг боловсруулсан” гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа. “Энэхүү дүрмийн гол ач холбогдол нь нягтлан бодогчид ёс зүйн талаар ойлголт, мэдлэгтэй болж хориглосон заалтуудыг санаж, элдэв зөрчлөөс өөрийгөө хамгаалах сэтгэлзүйн бэлэн байдлыг хангахад оршиж байгаа юм. Мөн “нягтлан бодогч ёс зүйн тангараг өргөсөн учраас буруу үйлдэл хийхгүй” гэсэн сэтгэлгээг олон түмэнд ойлгуулна. Өөрөөр хэлбэл, байгууллагын удирдлага болон бусад талаас нягтлан бодогчид ирэх элдэв дарамт шахалт багасна гэсэн үг” хэмээн Л.Дондог дурьдлаа.
5
Нягтлан бодогчид энэхүү ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрч тангараг өргөснөөр Монголын нягтлан бодох хүрээлэнгийн гишүүн болох аж. Хүрээлэнгийн гишүүн болсоноор хууль дүрмийн мэдээллийн үйлчилгээ,мэргэшүүлэх сургалтад хамрагдах боломжтой.
6
Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн нягтлан бодогч бүгдээрээ тангараг өргөх юм байна. Ёс зүйн тангараг өргөх ёслол энэ сарын 18-ны 14 цагаас тусгаар тогтнолын ордны Бага танхимд болох гэнэ. Энэ оны зургаадугаар сар хүртэл сар болгоны 3 дахь долоо хоногт тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулна гэж хурал зохион байгуулагчид ярилаа.
6
Ж.Мөнхзул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ