Ерөнхий сайд Төв аймагт ажиллав
Төр засгийн бодлогод багийн Засаг дарга нарын саналыг тусгахаар ЗГХЭГ-аас зохион байгуулж буй “Баг-иргэний засаг захиргаа” цуврал хэлэлцүүлэг өчигдөр Төв аймагт үргэлжиллээ. Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, багийн удирдлагуудын үгийг сонссон юм. Уг хэлэлцүүлэг өмнө нь Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн багийн засаг дарга нарт зориулсан хэлэлцүүлэг болж байсан аж.
6
Төрийн үйлчилгээг иргэддээ улам ойртуулахын тулд Шинэчлэлийн Засгийн газар засаг захиргааны анхан шатны нэгжийн ажлыг шинэчлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийн зохиож байгаа гэнэ. Анхан шатны үйлчилгээг багаас, суурь үйлчилгээг сумаас, иж бүрэн үйлчилгээг аймгаас үзүүлэх ёстой. Хуулиар тогтоосон энэ бүтэц, механизм өнөөдөр урвуу хэлбэртэй байна гэж Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат үзэж байна. Төрийн үйлчилгээний гол ачаа дээд шатанд төвлөрч, тэр дундаа хөдөөгийн багууд иргэндээ төдийлөн хүрч үйлчилж чадахгүй байгаа нь өнөөгийн бодит байдал. Энэ төвлөрлийг доод шатанд шилжүүлэх, засаг захиргааны нэгжүүдийн ажил үүргийг оновчтой хуваарилах шаардлага бий гэдэгтэй Төв аймгийн 97 багийн Засаг дарга санал нэгдлээ. 90 мянган хүнтэй Төв аймаг 27 сум, 97 багтай. Багийн Засаг дарга нартаа унаа, компьютер, хэвлэгч, чанга яригч авч өгч, зарим багийн төвийг контортой болгоход өнгөрсөн жилүүдэд Төв аймаг 2.4 тэрбум төгрөг зарцуулсан ч бэрхшээлийг бүрэн шийдэж чадахгүй байгаа нь орон нутгийн түвшинд бус төрийн бодлогын дэмжлэг хэрэгтэйг харуулсан гэж аймгийн удирдлагууд онцоллоо.
6
Төв, хөдөөгийн багийн хэт ялгаа төрийн ажил цалгардах шалтгаан болж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг 53 өрхтэй байхад Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг 1826 өрхтэй байна. Төв, хөдөөгийн багийн Засаг дарга нарын эрх хэмжээ, цалин хөлс адилхан хэрнээ эрс ялгаатай ачаалалтай ажилладаг ийм байдал Төв аймагт ч бий гэнэ. Аймгийн төвийн багт 650-1000, хөдөөгийн багт 150 өрх байвал иргэд эзэнгүйдэхгүй, төрийн ажил цалгардахгүй гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Үүний зэрэгцээ аймгийн болон сумын төвийн баг гэх илүүц нэгж ажил үүргийн давхардал, эсвэл орхигдол үүсгэдэг гэнэ. Монголд өнөөдөр 1699 баг байгаагийн 335 нь сумын төвийн баг юм. Иймд багийн өрхийн дээд хязгаарыг тогтоох, хилийн цавыг шинэчлэх, багийг малд биш хүнд төвлөж хөгжүүлэх, анхан шатны нэгжид захиран зарцуулах төсөв хуваарилах гэх мэт бодлогын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзлээ.
6
Багийн Засаг дарга нарт тулгардаг бас нэг “том” бэрхшээл бол аймаг сум, яам агентлагийн дарга даамлууд олон төрлийн мэдээ тайлан нэхдэг, төлөвлөгдөөгүй ажлаар дардаг байдал. Баг, хорооны Засаг дарга нар албан ёсны статистикийн 20 төрлийн мэдээ, тайлан эрхлэн гаргадаг. Хүн амын урсгал хөдөлгөөн ихтэй Төв аймагт иргэний бүртгэл, статистикийн дүн багагүй зөрдөг гэнэ. Харъяалалтай хэдий ч нутаг орондоо удаан хугацаагаар ирээгүй иргэд, оюутнуудын гэр бүлийн байдал, ажил эрхлэлт гээд бүх мэдээллийг баг хянах нөхцөлгүй байгаа нь бүртгэл, статистикийн дүн зөрөх, эсвэл нэг хүн хот хөдөөд давхар хаягтай болох шалтгаан болж байна. Иймд улсын бүртгэлийн газар иргэний шилжилт, харъяаллыг үндсэн сангаараа шалгаж бүртгэдэг болмоор байна гэсэн саналыг багийн Засаг дарга нар хэллээ. Энэ чиглэлээр ч шинэчлэл хийж байгааг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.
5
Ерөнхий сайд уулзалт хэлэлцүүлгийн үеэр Засаг дарга нарт ачаалал нэмдэг статистик тоо бүртгэл цахимжиж, банкинд зориулж тодорхойлолт бичих ажил ТҮЦ машинд шилжиж, унаа шатахуун, цаг заран байж айл болгоноор орж хүргэдэг зарыг мэдээллийн технологи, орон нутгийн телевиз радио ашиглан шуурхай явуулах боломж нээгдсээр байна. Баг, сумаас Засгийн газар хүртэлх төрийн бүх шатны мэдээллийг нэг урсгал, нэгдсэн цахим санд оруулах ажлыг энэ оны 10 дугаар сард багтаан бэлэн болгоно гэж Ерөнхий сайд онцоллоо. Түүнчлэн, аймагт бүрт орон сууц барих, оношилгооны төв байгуулах, орчин үеийн тав тух бүрдүүлсэн шинэ сум босгох, хатуу хучилттай автозамаар нийслэлтэй холбох гэх мэт орон нутгийн хөгжлийг дэмжсэн Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанаас танилцуулав.
5
Ерөнхий сайд энэхүү хэлэлцүүлгээс гадна Төв аймгийн Сэргэлэн сумын IV багийн үйл ажиллагаа, 1000 айлын орон сууцны барилгын ажилтай танилцах, сүүлийн 10 гаруй жил ашиглалтгүй байсан хуучин барилгад засвар хийж аймгийн ЗДТГ-ын байгууллагуудыг нэгтгэн оруулж буй үйл явц, мөн аймгийн төвийн шинэ кино театртай танилцаж, шинэ технологийн оёдлын үйлдвэрийн цехтэй танилцсан юм.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ