О.Сарантуяа: Математикийн хичээлийг хэрэглээнд нь тулгуурлаж заавал хүүхэд хурдан ойлгоно

img

Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн л нэгэн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Баянгол дүүргийн 93-р сургуулийн бага ангийн багш О.Сарантуяатай уулзаж цөөн хором ярилцсан юм.

.

Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

- Намайг О.Сарантуяа гэдэг. Би 17 дахь жилдээ бага ангийн багшаар ажиллаж байна.

.

Шинэ Засгийн газар байгуулагдаад боловсролын салбарт шинэчлэл хийхдээ юун түрүүнд хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ зорилт, энэ хүслийг биелүүлэх хүмүүс бол багш та бүхэн. Үнэхээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж байна уу?

- Боломжтой. Гагцхүү яаж вэ? гэдгээс л шалтгаална.

.

Тэгвэл та яаж хөгжүүлдэг вэ?

- Ганц би гэж ярьж болохгүй л дээ. Манай сургуулийн багш нар хичээл эхлэхээс өмнө юун түрүүнд хүүхдүүддээ юу мэдэх ёстой вэ гэдгийг нь хэлж өгдөг. Учир нь хүүхдүүд ер нь юу сурах гээд байна вэ гэдэг дээр төсөөлөлтэй байх ёстой. Яагаад гэхээр юу ч мэдэхгүй байхад нь гэнэт баахан мэдэхгүй юмыг нь зааж байна гээд тулгаад байхаар үр дүн муутай байсан. Тиймээс эхлээд багш нь ийм юм заана. Та бүхэн хичээлээрээ ийм юм сурч, мэдэж авна гэж эхний төсөөллийг өгдөг. Ерөөсөө л хүүхэд бүрийг маш сайн сургахын тулд хүүхэд бүрийн анхаарлыг өөртөө татдаг байх хэрэгтэй. Учир нь хүний ярьж байгааг эхнээс нь анхааралтай сонсох нь тухайн хүний оюун ухаанд тогтож үлддэг.

.

Анхаарлыг нь яаж төвлөрүүлнэ гэж? Бага ангийн хүүхдүүд их хөдөлгөөнтэй. Барагтай л бол төвлөрч өгдөггүй шүү дээ?

- Бидний заадаг бүх хичээл хоорондоо уялдаа холбоотой. Ёс суртахууны хичээл, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн хичээлүүд ялангуяа ёс суртахууны цаг гэж тусдаа байдаг болсон. Эдгээр хичээлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэх тухай ярилцана. Мөн хичээллэх үеийн дэг гэж байна. Түүн дээрээ ангийнхаа нөхдийн болон багшийнхаа үгийг анхааралтай сонсоно гээд заагаад өгчихдөг. Аливаа хүний сурах амжилтын үндэс нь бол хүний үгийг анхааралтай сонсч оюун ухаандаа тунгаах явдал гэж би үздэг. Эхлээд анхаарлаа төвлөрүүлж чаддаг болчихвол цаашаа сурахад амар болдог.

.

Та хүүхдүүдийг юун түрүүнд анхаарлаа төвлөрүүлж сурахад нь тусладаг юм байна. За анхаарлаа төвлөрүүлээд сурчихлаа. Тэгвэл танай ангийн 42 хүүхэд бүгд жигд сурлагатай юу?

- Ерөнхийдөө жигд гэж хэлж болно.

_

Ерөнхийдөө гэдэг нь бүгд биш гэсэн үг үү?

- Үгүй дээ. Хэрэв хувиар авч үзвэл хоорондоо 10-15 хувийн хэлбэлзэл байна л гэсэн үг. Гэхдээ хуучин үнэлгээгээр бол манай ангийн хүүхдүүд бүгд дундаас дээш амжилттай сурч байгаа. Мэдээж хэрэг хүүхэд болгоны сурах чадвар, ойлгоцын төвшин гэж байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар хоцорлоо гэж бодход эргээд гүйцээд очих чадвар бол хүүхэд бүрт байдаг. Түүнийг нь л мэдэрч, туслах, дэмжих нь багшийн үүрэг. Манай хүүхдүүд бол ер нь л бусдыгаа гүйцэх гэсэн үнэн эрмэлзэлтэй. Оюун ухаанд нь бүр тэгээд суучихсан, сурчихсан байдаг.

.

Ямар нэгэн байдлаар хүүхэд хичээлээ ойлгоогүй хоцроод үлдээд сурлагын амжилтаа алдаад эхлэвэл та юу хийдэг вэ?

- Би хүүхдүүддээ үргэлж хэлдэг. Найз шиг нь зөвлөдөг. Ойлгоогүй зүйл байвал заавал багшаасаа асуугаарай! гэж. Гэвч олон жилийн туршлагаас ажиглаад байхад хүүхдүүд өөрийн ойлгоогүй үлдсэн зүйлээ “Би үүнийг ойлгосонгүй” гэж хэлдэггүй. Харин манай сургууль, манай багш нар юун түрүүнд хүүхдэд өөртөө итгэх, өөртөө дүгнэлт хийх чадварыг суулгаж өгдөг. Энэ бол хүүхэд өшөө цаашаа илүү ихийг сурах үндэс суурь нь гэж үздэг. Тийм болохоор манай хүүхдүүд “Багшаа би чадахгүй байна” гэдгээ чөлөөтэй хэлж чаддаг. Хариуд нь багш түүнд тусалж, шаардлагатай бол тайлбарыг ганцаарчилж өгдөг.

.

Л.Гантөмөр сайд өнгөрсөн жил дүүргүүдийн багш нартай уулзахдаа “Хүүхэд бүрийн амьдрах орчин адилгүй. Тиймээс тэдэнд аль болох ойр жишээ авч заадаг байвал хүүхэд түргэн ойлгоно” гэж ярьж байсан. Үнэхээр хүүхдүүдэд тохируулж хичээлээ явуулж болж байна уу?

- Энэ бол маш чухал. Математикийн хичээлийг амьдралтай нь холбож тайлбарлавал хүүхэд илүү ойлгож, даалгавраа илүү дуртай хийнэ. Ерөөсөө л хэрэглээн дээр суурилж л математикийн хичээл явах болов уу гэж би боддог. Жишээ нь, сантиметр, метр, хэмжигдэхүүнүүд байхад түүнийг өдөр бүр хэрэглэдэг урт богино зүйлсээр нь төлөөлүүлээд л заахад маш хурдан ойлгодог. Зарим багш нар үүнийг маш сайн мэддэг. Гэвч өөрөө энэ чинь үнэхээр амархан шүү дээ гэж мэдээд байдаг. Нөгөө хүүхдүүд нь ойлгодоггүй. Тухайн багш зүгээр хэрэглэдэг юман дээр үзүүлчих хэмжээний чимхлүүр юман дээр л алдаад байдаг. Тэгэхээр багш хүн үргэлж хүүхдийн оронд өөрийгөө орлуулж, би мэдэхгүй байсан бол яах билээ гэж бодож байх хэрэгтэй юм билээ. Бас нэг арга бол багш хүүхдэд тайлбарлахаас илүү ойлгоод сурчихсан хүүхдүүд нь нөхөддөө сурсан аргаа зааж өгөх нь их үр дүнтэй юм билээ. Мөн би орсон хичээл бүрийнхээ араас 30,40 минутын сорил авч заасан зүйлийг маань сурч уу, үгүй юу гэдгийг судалдаг. Тэгэхгүй бол хүүхдүүд нь гүйцэд сураагүй байхад л улам нэмж заагаад байвал утгагүй шүү дээ.

.

Та Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх шинэ журамтай танилцсан уу? Танд ямар санагдаж байна вэ?

- Танилцсан. Яг хэрэгжүүлж чадвал давгүй сайхан санагдсан. Нэг багш хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэж зүтгээд л үр дүн гаргаад байхад өөр нэг нь үндсэн цалингаа л аваад бие амар яваад байя гэсэн хандлагаар ажиллаж байна гэж бодъё л доо. Тэгвэл энэ хоёр ижил цалин аваад байж таарахгүй. Үнэхээр хөдөлмөрлөж байгаа багшийг өндрөөр урамшуулдаг л байх хэрэгтэй. Ийм л зарчмаар багшийн хөдөлмөрийг үнэлэх журам гэж ойлгосон.

.

Боловсролын сайд багш та бүхэнд бас нэг зүйлийг амласан нь сар бүр багш нараас тайлан авч, өдөр бүр заах хичээлийг нь яамнаас зааж, тулгахгүй гэж байсан. Үнэхээр тайлан, төлөвлөгөөнөөс та бүхнийг чөлөөлж чадсан уу?

- Үнэхээр амар болсон. Өмнө нь бид чинь долоо хоног, сарын хичээлийн төлөвлөгөөгөө л нухаад суучихдаг. Гол ажилдаа анхаарч чаддаггүй байсан. Маш завгүй байсан. Тэгэж байтал тайлан гаргах хугацаа болчихно. Тэгээд л тайлангаа хийнэ. Үндсэндээ төлөвлөгөө тайлан хоёрын хооронд л ажилладаг байлаа. Түүнийгээ хийхгүй бол болохгүй. Түүгээрээ л цалинжих юм чинь. Харин одоо бол бид өөрсдийн хичээлээ хэдийд яаж орохоо шийддэг болчихсон. Гагцхүү тухайн жил мэдэх ёстойг нь л хүүхдэд мэдүүлэх гол үүрэгтэй. Тайлан, төлөвлөгөөнд зарцуулдаг байсан цагаа одоо хичээлээ яаж орох вэ, ямар аргаар заах вэ гэдэг эрэлд л зарцуулж байна даа.

.

Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье

- Баярлалаа.

.

3б ангийн сурагч П.Цогбадрах: Надад ойлгоогүй хичээл байхгүй

:

Чи ямар хичээлд дуртай вэ?

- Бүх хичээлдээ дуртай. Гэхдээ тоондоо илүү дуртай

.

Яагаад?

- Тоо бодох гоё байдаг. Бодоод хариуг нь олох гоё. Бас ухаан суулгадаг гэсэн.

.

Чамд одоо мэдэхгүй, ойлгоогүй үлдсэн хичээл байгаа юу?

- Байгаа. Том ангид орохоор “Х”-тэй бодлогууд ордог гэсэн. Энэ үсгийг тоогоор үржүүлдэг гэсэн.

.

3б ангийн сурагч Б.Золбоо: Энэ долоо хоногтоо сурчихна аа.

.

Чи ямар хичээлдээ дуртай вэ?

- Математик

.

Яагаад?

- Зөндөө бодлого боддог. Бас багш дандаа гоё бодлого бодуулж, зааж өгдөг.

.

Чамд одоо орж байгаа хичээлд чинь ойлгохгүй, мэдэхгүй зүйл байгаа юу?

- Байгаа... хааяа минут руу тооны хүрдийг шилжүүлэхдээ алддаг.

.

Хэзээ алддаггүй болох вэ?

- Энэ долоо хоногтоо сурчихна аа.

.

Ч.Буу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ