Бохир усаар ажиллах цахилгаан станц байгуулна

img

Монгол Улс анх удаа хаягдал ус цэвэршүүлэх замаар эрчим хүч үйлдвэрлэх төслийг эхлүүлэхээр болжээ. Уг ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Туул сонгино усны нөөцийн цогцолбор”  төслийн концессын гэрээг Эдийн засгийн хөгжлийн сайд “Морьтимпекс” ХХК-тай өнөөдөр байгуулсан байна.

7

Төслийн хүрээнд концесс эзэмшигч “Морьтимпекс” ХХК нь үндсэн 2 байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах ёстой юм. Эхний байгууламж нь Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас хаягдаж байгаа бохир усанд дахин гүн цэвэршүүлэлт хийх 200 мянган м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадал бүхий үйлдвэр юм байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь нийслэлийн хэмжээн дэх бохир усны дөнгөж 30 хувийг цэвэршүүлж байгаа бол дээрх үйлдвэр ашиглалтад орсноор хаягдал усыг 90 хүртэл хувиар гүн цэвэршүүлэх боломжтой бүрдэх аж.

6

Харин хоёр дах байгууламж нь цэвэршүүлэх байгууламжаас гарах усаар Төвийн эрчим хүчний системийн ачаалал тохируулах 100 МВт хүчин чадал бүхий “Усан цэнэгт цахилгаан станц” барих юм байна. Цахилгаан станц нь шөнийн буюу бага ачааллын 22-06 цагийн хооронд цэвэршүүлсэн усыг уулын оройд байгуулах дээд усан сандаа насосоор шахаж бэлтгэх юм. Бэлтгэсэн усаа оройн оргил ачааллын үе болох 16-22 цагийн хооронд доод усан сан руу буулгах ба энэ замд нь турбин эргүүлж,  цахилгаан үйлдвэрлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх нь ээ.

 6

Гэрээг үзэглэсэнээс хойш 9 сарын хугацаанд “Морьтимпекс” ХХК нь төслийн эхний ээлжийн санхүүжилтийг Монгол Улсын аль нэг арилжааны банканд байршуулсан тухай нотлох баримттай байх ёстой. Мөн нарийвчилсан ТЭЗҮ, урьдчилсан зураг төслийг боловсруулан төрийн захиргааны холбогдох байгууллагаар батлуулснаар концессын уг гэрээ хүчин төгөлдөр болох юм.

6

Концессын барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулсан тус гэрээний хугацаа 23 жил байх аж. Харин концесс эзэмшигч нь эхний 3 жилд  барилгын ажлыг дуусган, үлдсэн 20 жилд концессын зүйлийг өмчлөн ашиглах аж. Төрийн зүгээс ямар нэгэн төсвийн дэмжлэг, баталгаа гаргахгүй бөгөөд харин үйлдвэрлэсэн цахилгааныг нь худалдаж авах үүрэг хүлээх юм байна.

6

Тус гэрээг байгуулахыг Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 403 дугаар тогтоолоор Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрчээ.

6

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
үнэн л хэрэгжих юм байгаасай даа. манайхан ч монголын хууль 3 хоног гэдэг шиг тэгээд л унтрах юм болдог шүү.
2014-04-11
fghhdhd:
avilgajsan unen shuu dee ji*e n xuuxdiin toglomiin talbaig 30-40saya togrogoor batalj 10sayaar barij uldsen xaxuuli unats boldog
2014-04-10