З.Баянсэлэнгийг бүлгийн дэд даргаар томилжээ
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өчигдөр хуралдаж, бүлгийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэжээ. Тус бүлгийн дэд дарга, Сангийн сайд Ч.Улаан ажлын ачааллаас үүдэлтэйгээр бүлгийн дэд даргын албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтийг тавьсан байна. Түүний хүсэлтийг бүлгийн хурлаар хэлэлцээд дэд даргаас нь чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томилсон байна.
s
Мөн тус бүлгийн хуралдаанаар үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, улс орны эдийн засаг хүндхэн байгаа өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Х.Золжаргал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарыг бүлгийн хуралдаа суулган дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна. Тус бүлгээс эдийн засгийг хямарсан гэж үзэж буй тул Засгийн газарт үүрэг чиглэл өгч, яаралтай арга хэмжээ авахыг даалгажээ. Мөн эдийн засагт үнэлэлт, дүгнэлт өгсөн байр сууриа маргааш албан бичгээр хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэнэ гэлээ.
d
Мөн Оюутолгойн далд уурхайн санхүүжилттэй холбоотой асуудлаар бүлгийн гишүүд санал бодлоо илэрхийлжээ. Ингээд уг асуудалд нягт, хянамгай хандах ёстой гэж тус бүлгээс үзсэн байна. Тиймээс бүлгийн гишүүд ойрын хугацаанд Оюутолгой уурхайд очиж ажиллахаар болсон байна.
s
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн асуудал нь "Давхар дээл"-ийг дан болгох хуулийн төсөл аж. Эвслийн бүлгийн зүгээс Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төслийг дэмжинэ гэдэг байр сууринд дахин нэгдсэн байна. Энэ хуулийг хэлэлцэж, батлах ёстой гэж тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ.
s
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг энэ долоо хоногт өргөн барьсан. Уг асуудлаар маргааш хуралдаж, тодорхой шийдвэр гаргахаар болжээ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ