Хөдөлмөрч залуус баялгийг бүтээнэ

img

Хөдөлмөрийн яамнаас санаачлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг болсон. Уг хөтөлбөрт энэ онд хамрагдаж байгаа суралчцагчдын “Flash mob өнөөдөр Чингисийн талбай дээр боллоо. Мэргэжлийн онцлогоо илтгэсэн ажлын хувцсаар жигдэрч, суралцсан МСҮТ-ийнхөө тугийг барьсан 5200 залуу “Баялгийг бид бүтээнэ” гэж эх орныхоо төв талбай дээр бичлээ.

Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт энэ удаа 7000 хүн хамрагдах ёстой юм байна. Тодруулбал, Одоогийн байдлаар 5200 суралцагч онолын хичээлээ дуусаад дадлагатаа гарах гэж байгаа бол үлдсэн 1800 хүнийх нь онолын хичээл эхлэх гэж буй аж. Тус хөтөлбөр нь таван сар үргэлжилдэг ба эхний хоёр сар онолын хичээл үзэж, үлдсэн хугацаанд  дадлагаа хийгээд шууд ажлын байрандаа гардаг байна.

Хөтөлбөрт хамрагдагчдын онолын хичээлийг улсын хэмжээнд 50 гаруй МСҮТ-д хичээллүүлэн өгдөг. Тус төвүүд нь багшлах боловсон хүчин, хангалтын хувьд бэхэжсэн байгууллагууд байдаг аж. Ажил олгогчийн эрэлт, зах зээлийн шаардлагаар суралцагчдын 60 гаруй хувь нь барилгын өргөн мэргэжлийн, 10 гаруй төрлөөр сурдаг бол үлдсэн хэсэг нь хөдөө аж ахуй фермер, ногоочин, зөгийчин зэрэг мэргэжлийг эзэмшдэг байна.

Хөдөлмөрийн яамны дэргэдэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноров “Суралцагчид эхний хоёр сар онолын мэдлэг авах дараагийн гурван сард төгсөөд очиж ажиллах ажлын байрандаа дадлага хийдэг. Үндсэндээ ажил нь бэлэн байгаа гэсэн үг. Хөтөлбөрт хамрагдаж буй 7000 хүнд зориулан улсын хэмжээнд 13 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. Тэд суралцаж байх хугацаандаа 140 мянган төгрөгийн тэтгэлэг, 50 мянган төгрөгийн хоол унааны мөнгө авдаг. Мөн дадлага хийлгэж буй ажил олгогчид нэг суралцагчаар тооцож 64 мянган төгрөгийг олгодог” гэж ярьсан.

Хөтөлбөрт 24 дээш насны, хөдөлмөрийн чадвартай, Монгол улсын иргэн хамрагдаж болох ба хамгийн гол нь ажилгүй байх шаардлагатай. Хөдлөмөрийн зах зээлд ажилгүй гэж бүртгэгдсэн 7000 энэ хөтөлбөрт хамрагдаж, сургалтынхаа дараа 80 орчим хувь нь баталгаатай ажлын байртай болдог тухай албаны хүн хэлсэн. Хөтөлбөр хэрэгжүүлэгч, суралцагч, ажил олгогч нар хоорондоо хариуцлагын гэрээ байгуулдаг. Тухайлбал, хөтөлбөр хэрэгжүүлэгч суралцагчийг дадлага хийсэн байгуулагадаа ажилтан болж очсоны дараах нэг жилийн хугацаанд ажиллаж байгаа, ажил олгогч нь ажиллуулж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Мөн суралцагч шалтгаангүйгээр таван өдөр дараалан хичээлээ таславал  хөтөлбөрөөс хасч, тэр хугацаанд олгосон тэтгэлэгийг буцаан төлүүлнэ.  Ажил олгогч нь дадлагын зардал авчихаад, суралцагчаар дадлага хийлгэхгүй байвал буцааж зардлаа авах эрхтэй байна.

ааа

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ