Зуслангийн 12 байшин шатжээ

img

Хаврын хуурайшилтын улирал эхэлж буйтай холбоотойгоор өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газар нь Монгол орны түймрийн эрсдэлтэй бүс нутгийн  “аюултай” гэсэн ангилалд багтдаг байна. Сүүлийн 10 гаруй хоногийн хугацаанд л гэхэд  НОБГ-т түймэртэй холбоотой нийтдээ 60 гаруй дуудлага ирсэн бөгөөд үүний тал нь зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдээр болжээ. Тодруулбал, урин дулаан болсонтой холбоотойгоор зуслангийн айлууд хашааны өвсөө шатаах нэрийдлээр түймэр гаргаж, үүний улмаас нэг хүн амь насаа алдсан бол 12 зуслангийн байшин шатсан байна. Түүнчлэн Богд ууланд 1 га газарт түймэр гарч, одоогоор бүрэн унтраажээ.

ххх

Цаашдаа гал түймрийн эрсдлээс урьдчилан сэргийлж, 4 дүгээр сарын 10-аас 6 дугаар сарын 10, мөн 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 10-ыг хүртэл нийслэлийн орчмын ногоон бүсэд хориг тавьжээ. Дээрх хугацаанд байгалын дагалдах баялагийг ашиглах зорилгоор зорчих, амралт аялал зугаалга зохион байгуулах, галын аюулгүйн төхөөрмжөөр тоноглоогүй тээврийн хэрэгслийг зорчихыг нь хориглосон байна. Мөн Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын даргын тушаалын дагуу хавар намрын хуурайшилтын үеэр ойн сан орчимд 40 байгаль хамгаалагч, 35 морьт эргүүл болон сайн дурын иргэдийн төлөөллийн хяналт гарч ажиллах болсон талаар тус газрын Ой, ногоон байгууламжийн хэлтсийн дарга Ч.Болдбаатар хэлж байв. Тэрбээр мөн “Хонхны баяр болох гэж байгаа тул бид боловсролын газруудад аялал зугаалга хийхгүй байхыг анхааруулсан. Үүнээс гадна бөө гэх мэт шашны зан үйл хаврын хуурайшилтын улиралтай давхцаж, бид гал асаахгүй байх талаар мэдэгддэг ч үг хэл авдаггүй” хэмээн ярьж байв. Энэ жил нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гал түймрээс урьдчилан сэргийлэх ажилд нийтдээ 27 сая төгрөг гаргажээ.

Өнгөрсөн жил нийслэлийн ногоон бүсэд нийтдээ 5 удаа ой хээрийн түймэр гарсан бөгөөд үүнээс улсад 40 орчим сая төгрөгийн хохирол учирчээ.

өө

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ