Ё.Отгонбаяр: Ирэх оны төсөв бүр ч авлигажиж гарна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаж байна. Хуралдаанаар 2014 онд царцаасан 243 объектод хийсэн Аудитын дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Энэ оны төсвийн тухай хуульд "0.0" дүнтэй тусгагдсан 243 төсөл арга хэмжээний талаар судалж, дүн шинжилгээ хийсэн Үндэсний аудитын газрын тайланг сонссон. Үүнтэй холбогдуулан энэ оны төсөвт тодотгол хийхэд УИХ-аас Засгийн газарт үүрэг болгох юм. Аудитын дүгнэлтээр хойшлуулах шаардлагатай 81 төсөл, арга хэмжээнээс орон нутагт хэрэгжих 15 цэцэрлэг барилга, найман сургууль, дотуур байр, нийслэлд нэг сургуулийн барилга, гэрээний биелэлт нь 70-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа гурван төсөл арга хэмжээ 36,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг шаардах аж. Дээрх 27 төсөл арга хэмжээг энэ онд 29,5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ. Харин хөрөнгө дахин төлөвлөх шаардлагагүй төсөл арга хэмжээний жагсаалтад багтсан нийт 61 төслийг ирэх онд Засгийн газар судалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Дээрх жагсаалтад багтсан төсөл арга хэмжээнээс 21-д нь ажил бүрэн дууссан гэж үзэж улсын төсвөөс дахин санхүүжилт олгохгүй юм байна. 16 төсөл арга хэмжээг Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлэх аж. Царцаасан объектуудаас цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 409,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 107 төсөл арга хэмжээ байгаа юм. Тиймээс энэ оны төсвийн тодотголыг боловсруулахдаа Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлэх зам, гүүрийн барилга байгууламжийг тусгах юм байна. Мөн улсын төсвийн бараа үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувь бууруулах, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, төсвийн тодотголд тусгах чиглэлийг Засгийн газарт өгөх ажээ.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед гишүүд байр сууриа илэрийлж байлаа.
ххх
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Засгийн газрын тэргүүн нийгэмд маш том шуугиан тарьсан. УИХ-ын гишүүд төсвийг хэд дахин өсгөөд баталчихдаг юм гэсэн ойлголтыг нийгэмд өгсөн. Ерөнхий сайдын "авлигажсан төсөв" гэдэг хаялга УИХ-ын гишүүдэд хаяглагдаад буусан. Тиймээс бид өнөөдөр нэрээ цэвэрлэж, хулгайчийг гаргаж ирэх ёстой. Байнгын хорооны даргын гол үүрэг энэ байх биз. Жилийн жилд төсөв нь нэмэгдээд яваад байсан шалтгааныг тодруулан гаргаж ирэх хэрэгтэй. Одоо бид төсөв бичсэн төсөвчин, тэрийг нь оруулж ирсэн яам, сайд,оруулж ирсэн төсвийг нь баталсан УИХ-ын гишүүдийн нэрийг зарлаж байж УИХ нэр хүндээ цэвэрлэнэ.
ааа
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Аудит дүгнэлтээ оруулж ирэхдээ царцаасан барилга байгууламжуудын хэдэн хувь нь валютын ханшийн өсөлтөөс, хэдэн хувь нь бараа бүтээгдэхүүний өсөлтөөс болсон, ямар зураг төсөвчин нь үнэ ханш нэмсэн, ямрыг нь шалгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа тодорхой гаргаж ирэх ёстой. Ингэж оруулж ирсэн бол маргаан даамжрахгүй байсан юм. Ирэх оны төсөвт дахиад л аудитынхон үнэлгээ хийнэ. Ирэх оны төсөв бүүр л авлигажиж гарна. Төгрөгийн ханш өнөөдөр ямар болоод байгаа билээ. Үүнийг анхаарах ёстой байсан.
аа
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:
-Би энэ ажлын хэсэгт орж ажилласан. Гишүүд өнөөдөр манай тойрогт хийх бүтээн байгуулалтыг хасчээ гэж асуудал үүсгэж байна. Гэтэл өөрсдөө тойрогтоо хийгдэж байгаа ажил дээр биечлэн очиж танилцсан юм уу. Газар дээр нь очиж байдал ямар байгааг мэдэх хэрэгтэй. Ямартай ч энэ жилийн хувьд Хан-Уул дүүрэгт баригдах III төрөх эмнэлгийн барилгыг барьж дуусгах ёстой гэж бодож байна. Улаанбаатар хотод цэцэрлэг сургууль барихад газрын асуудал хүндрэлтэй байгаа. Миний сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт гэхэд хоёр жил дараалан цэцэрлэг сургууль барихаар төсөвлөж байгаа ч газрын маргаантай асуудлаас болж өнөө хэр баригдаагүй байна.
Байнгын хорооны гишүүд өөрсдийн гаргасан саналаа Засгийн газарт өгөх чиглэлд багтаахыг хүсч байлаа. Төсвийн тодотгол хэлэлцэх үед дээрх барилга байгууламжийн хэд нь үргэлжлэх баригдах, хэд нь ирэх он хүртэл хойшлогдох нь тодорхой болох юм. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
ааа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ