Т.Болдбаатар: Жолооч нарын гар утсаар нь мэдээлэл явуулж байгаа

хр
-Та үндэсний төвийнхөө үйл ажиллагааны чиглэлүүдийг өмнө нь танилцуулж байсан. Танай байгууллагын үндсэн үйл ажиллагааны нэг нь техникийн хяналтын үзлэг хийх. Энэ талаараа мэдээлэл өгөөч?
-Манай улс 1950-иад оны дунд үеэс эхлэн богино хугацаанд тээврийн хэрэгслээ тоолж, энэ үеэр автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажлыг хийдэг байсан. Тэр үед 5000 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Харин 2000 онд 80 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй болж, жил бүр 10 гаруй хувиар өсч тэр хэрээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэж эхэлсэн. Тиймээс Монгол улсын Засгийн газар Дэлхийн банк, Нордикийн хөгжлийн сангаас хөнгөлөлттэй зээл авч тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгох төслийг 2001-2005 онд хэрэгжүүлсэн. Уг төслөөр Улаанбаатар хот болон бүх аймагт техникийн хяналтын үзлэгийн 24 төвийг байгуулсан. Эдгээр төвүүд мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдож, одоо 500 гаруй мянган тээврийн хэрэгслийн мэдээллийг багтаасан сан ажиллаж байна. Энэ сангаас тээврийн хэрэгсэл эзэмшигчид өөрийнхөө тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг манай байгууллагын transdep.mn вэб сайтын техникийн хяналтын мэдээлэл цонхноос улсын дугаар эсвэл арлын дугаараар хайж авах боломжтой.
ыб
-Ер нь техникийн хяналтын үзлэгээр автомашины юу шалгадаг юм бэ?
-Техникийн хяналтын үзлэгээр авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн нийт 50 гаруй үзүүлэлт стандартын шаардлага хангаж байгаа байдалд техникийн дүгнэлт гаргадаг. Автотээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаан дахь хорт бодис, тортогийн хэмжээ, урд, хойд болон зогсоолын тоормосны идэвхжил, урд тэнхлэгийн тохиргоо, урд гэрлийн чадал, тусгалын тохиргоог хүний хүчин зүйлийн оролцоогүйгээр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хэмжиж мэдээллийг төв серверт шууд дамжуулдаг. Бусад үзүүлэлтүүдийг зөөврийн багаж хэрэгсэл ашиглахаас гадна оношлогч инженерийн ур чадвараар үзэж тодорхойлдог. Түүнчлэн автомашин худалдаж авах гэж байгаа хүмүүс авахаасаа өмнө уг автомашинаа техникийн хяналтын үзлэгт оруулж бүрэн бүтэн байдал болон арлын дугаар, үйлдвэрлэсэн болон ашиглалтанд орсон хугацаа болон бусад үзүүлэлтүүд нь баримт бичигтэйгээ тохирч байгаа эсэхийг шалгуулж авах хэрэгтэй. Зарим тохиолдолд арлын дугаар, үйлдвэрлэсэн болон манай улсад орж ирсэн хугацаа зөрдөг. Ийм байдлаас болж хүмүүс хохирох тохиолдол цөөнгүй гардаг юм билээ.
ы
-Өнгөрсөн онд техникийн хяналтын үзлэгт хэдэн тээврийн хэрэгсэл хамрагдсан бэ?
-Өнгөрсөн онд улсын хэмжээнд 428 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан, харин энэ онд 500 орчим мянган тээврийн хэрэгсэл хамрагдах болов уу.
ы
-Техникийн хяналтын үзлэг хүссэн үедээ техникийн бүрэн бүтэн байдлаа шалгуулж болох уу. Үнэ төлбөр нь хэр байдаг бол?
-Техникийн хяналтын үзлэгт орох хугацааг Засгийн газрын тогтоолоор баталсан байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл жилд 2 удаа бусад нь жилд 1 удаа техникийн хяналтын үзлэгт орох ёстой. Тухайн жилд хэдэн сард үзлэгт орсон байна дараа жил нь тэр хугацаандаа багтаж үзлэгт орох ёстой. Хугацаандаа техникийн хяналтын үзлэгт ороогүй бол хуульд заасны дагуу иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгоно. Манай байгууллага техникийн хяналтын үзлэгт ороогүй хугацаа хэтэрсэн тээврийн хэрэгслийн жолооч нарт гар утсаар нь мэдээлэл явуулж байгаа. Цаашид гэрийн хаягаар нь торгуулийн хуудас хүргэх болно.Техникийн хяналтын үзлэгт хугацаандаа орсон ч гэсэн дахин тээврийн хэрэгслийнхээ техникийн байдлыг хэсэгчилэн шалгуулахыг хүсвэл манай үзлэгийн төвүүд хүлээж авахад байнга бэлэн байдаг. Ямар эд анги шалгахаас шалтгаалж төлбөрийн хэмжээ 2000-5000 төгрөгийн хооронд байдаг юм.
ы
-Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болж хүний ам нас эрүүл мэнд хохирох явдал манай улсад хэр байдаг бол. Тодорхой тоо баримт байгаа юу?
-Цагдаагийн байгууллагын судалгаагаар жил бүр зам тээврийн ослын тоо нэмэгдэж байгаа ба 2013 онд л гэхэд манай улсад 423 хүн зам тээврийн ослын улмаас нас барсан байна. Энэ бол маш том тоо. Онцгой анхаарах ёстой асуудал. Гэхдээ 2013 онд улсын хэмжээнд бүртгэж шалгасан 18 мянга гаруй зам тээврийн ослын 97.2 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс, 2.6 хувь нь явган зорчигчийн буруугаас, 0.2 хувь нь замын нөхцөлөөс болж гарсан гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага гаргасан байна. Энэ мэдээллээс харахад техникийн шалтгаанаас гарсан зам тээврийн осол бүртгэгдээгүй байгаа нь сайн үзүүлэлт, манай жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчид техникийн хяналтын үзлэгт тогтоосон хугацаандаа хамрагдаж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдалдаа байнга анхаарч байгаагийн илрэл. Өнгөрсөн онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан нийт тээврийн хэрэгслээс тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн нийт 20 орчим мянган үзүүлэлт стандартын шаардлага хангахгүй зөрчил илэрсэн. Тухай бүрд нь арилгуулах арга хэмжээг авч ажилладаг.
й
-Гарч байгаа зам тээврийн осол ихэнхийг жолоочийн буруутай үйлдэл эзэлдэг гэж байна. Жолооны сургалтын чанар муу, дадлага хангалтгүй байгаа тал байна уу. Танай байгууллага мэргэшсэн жолоочийн шалгалт авч, үнэмлэх олгодог байх аа.
-Манай улсад явагдаж байгаа жолоочийн сургалтын систем нь буруу байна. Сургалт явуулж байгаа байгууллагууд сургалтын чанарт бус харин энэ үйл ажиллагааг мөнгө болгож хараад байна. Тухайн хүн мөнгөө төлөөд сургалтанд хамрагдсан бол сурсан ч сураагүй ч шалгалтанд орж ямар нэгэн аргаар үнэмлэх авах л зорилготой. Сургаж байгаа байгууллага нь ч гэсэн шалгалтанд тэнцүүлэхийг л зорилгоо болгодог. Ийм л тогтолцоо олон жил явж байна шүү дээ. Энэ тогтолцоог өөрчлөх шаардлага тулгарч байна. Автотээврийн тухай хуульд 2008 оны 5 дугаар сард өөрчлөлт орж автотээврийн хэрэгслээр ачаа, нийтийн зорчигч тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг ажиллуулахаар заасан. Уг хуульд энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө жолоодох эрх авсан этгээд авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу шалгалт өгч мэргэшсэн жолоочийн үнэмлэх авч болно гэж заасан байдаг. Хуульд ийм өөрчлөлт орсноос хойш мэргэшсэн жолоочийн шалгалтыг авдаг, манай үндэсний төв 2013 оноос энэ үйл ажиллагааг эрхэлж байна. Одоо манай улсад мэргэшсэн жолоочийн сургалт явуулж байгаа 10 байгууллага байгаа ба үүнээс орон нутагт дөрвөн байгууллага бий. Эдгээр байгууллагуудад сургалтанд хамрагдсан хүмүүсээс гадна 2008 оны 8 сараас өмнө жолооч болсон хүмүүсээс манай байгууллага шалгалт авч үнэмлэх олгож байгаа.
ы
-Шалгалт өгч байгаа жолооч нарын хэдэн хувь нь эхний шалгалтаар тэнцдэг вэ?
-Шалгалт өгч байгаа жолооч нарын 10 хүрэхгүй хувь нь эхний шалгалтаар тэнцэж байгаа ба 90 гаруй хувь нь хоёр болон түүнээс дээш удаа шалгалт өгч байна. Тэнцсэн жолооч нарын ихэнхи нь 5-аас доошгүй удаа шалгалтанд орж байгаа ба 23 удаа шалгалтанд орсон тохиолдол ч гарсан. Иймд жолооч нарын сургалтын чанар, мэдлэгийг сайжруулах, ур чадвар, хариуцлагыг дээшлүүлэхийн тулд эхний ээлжинд шалгалт авах үйл ажиллагааг төлбөртэй болгох шаардлагатай байна. Одоо шалгалтыг төлбөргүй авч байгаа, чанаржуулахын тулд ойрын үед энэхүү үйл ажиллагааг төлбөртэй болгоно.
ы
-Мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалт явуулах үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодож төлөвлөж байгаа зүйл бий юу.
-Одоо мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт явуулж байгаа байгууллагууд хууль тогтоомж-тээвэрлэлтийн арга зүй, техникийн мэдлэг-засвар үйлчилгээ, жолоодлого-үйлдвэрлэлийн дадлага гээд бүгдийг нь хариуцаж байна. Сургалт явуулж байгаа байгууллагуудад энэ бүхнийг бүрдүүлэхэд нилээд хөрөнгө хүч хэрэгтэй. Тэгээд сургалтаа чанартай явуулахын тулд сайн багш нарыг ажиллуулах шаардлагатай болно. Харин эдгээр үйл ажиллагааг нэг биш 2-3 байгууллага тус тусд нь хариуцдаг байвал хөрөнгө мөнгө арай бага зарцуулна, сургалтын чанар ч сайжрах боломжтой. Тухайлбал хууль тогтоомж-тээвэрлэлтийн арга зүйг эрх бүхий багш шууд хариуцаад заагаад явах боломжтой. Чиглэл тус бүрээр мэдлэг, чадвар олгосон, хөтөлбөрийн дагуу сургалтанд тухайн хүнийг хамруулсан гэдгээ баталгаажуулахад л болно. Шалгалт авах байгууллага тухайн хүн хөтөлбөрийн дагуу бүх сургалтанд хамрагдсан эсэхийг нягтлаад шалгалтаа авна. Ийм байдлаар сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгоход их зардал чирэгдэл болохгүй байхаа гэж бодож байна. Цаашид сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Мэдлэг чадвар сайтай жолооч бэлтгэснээр улам бүр өсөн нэмэгдэж байгаа зам тээврийн осол зөрчлийг бууруулах боломж бүрдэж, хүний ам нас, эрүүл мэнд хохирох байдал багасах болно гэж бодож байна даа.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ