Ж.Энхбаяр: Эрх баригчид Засгийн газраа үл тоож байна
УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын гишүүн А.Бакей Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолын төслийг танилцуулсны дараагаар гишүүд асуулт тавьж байна.
5
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Хамтын ажиллагааны уялдаа байхгүй боллоо. Засгийн газрын сайд нь Засгийн газраасаа давж асуудал мэдүүлээд байна. Хамтын тэтгэврийн тухай 200 тэрбум төгрөг шаардагдах хуулийн төслийг С.Эрдэнэ сайд Засгийн газартайгаа хэлэлцүүлэлгүйгээр оруулж ирээд байна. Яагаад хуулийн шаардлага хангаагүй төслийг УИХ-ын Тамгын газар биелүүлэхгүй байна вэ? Хууль ном, Тамгын газрынхныг айлгадаг зандалчин гишүүд бий боллоо. Өнөөдөр байдлаа хар. Ачаагаа дааж ядсан тэмээ шиг боллоо, улсын ажил. Сүүлд нь гоёо хуулийг эсэргүүцэж байна гээд худлаа суртал ухуулга явуулна. Үүнийг жирийн хүмүүс мэдэж байгаа. Монголын төр хэзээ хариуцлагатай болох вэ? Засгийн газар нь Засгийн газар шиг, эрх баригчид нь эрх баригчид шиг ажиллах вэ? Ингэж ажиллаагүйгээс дур дураараа аашлаад улсыг үймүүлж байна. Төрийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээж сур. Монгол төрийн шийдвэр гаргаж байна гэдгийг ойлгож байна уу, та нар.
5
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:
-Хамтын тэтгэврийн тухай хуулийг С.Эрдэнэ гишүүн санаачилсан. Намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Одоо хэлэлцүүлгийн шатандаа байгаа. Хамтын тэтгэврийн тухай хуулийг УИХ дахь АН-ын бүлэг, холбогдох байнгын хорооноос Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч гэсний дагуу багтаасан.
66
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Намрын чуулганаар Засгийн газраас Газрын тосны хууль оруулж ирсэн. Энэ хууль түүхий байсан. Энэ хуулийн төсөл дээр ажлын хэсгийн 20-иод хүн тав,зургаан сар нухаж, сайжруулсан. Эцсийн хэлэлцүүлгээр оруулаад л батлах байсан. Гэтэл одоо хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд байхгүй байна. Засгийн газар хуулиа татаж авах санал оруулсан сураг байна. Яагаад татаж авах шалтгаанаа ажлын хэсгийнхэнд хэлж болдоггүй юм бэ. Учир битүүлэг шалтгаанаар хуулиа татаж авч байгааг мэдмээр байна.
6
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Хуулиудад янз бүрээр хандаж байгаад бид эсэргүүцээд байна. Манай намын бүлэг Малчдын тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн барихад Засгийн газрын санал аваагүй гээд хэлэлцүүлээгүй. Гэтэл Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Засгийн газрын санал аваагүй байтал хэлэлцүүлэгт оруулчихсан байна. Энэ хууль нь 200 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардаад байгаа бол эргэж харах хэрэгтэй. Яагаад гэвэл төсөв хүндрэлтэй байна.
6
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-УИХ-ын тогтоолын төсөл дээр гишүүд санал хэлсэн ч санал хураагдахгүйгээр батлаад явчихдаг. Тиймээс энд хэлсэн санал үнэ цэнэгүй болж байгаа юм. Хэлэлцэх эсэхийг шийдээд УИХ хүлээгээд авсан олон санал оржээ. Гэтэл хэлэлцэх эсэхийг нь шийдсэн хуулийн төслүүд ороогүй байна. Жишээ нь, Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудалд багтаагаагүй байн шүү. Хамтын тэтгэврийн тухай хууль зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ энэ хуулийн төслийг Засгийн газрын саналаар оруулж ирэх ёстой. Малчдын тэтгэврийн асуудлыг 15 жил ярьж байна. Цаг нь болоод ирэхээр малчдын тэтгэврийн насыг нарийн тооцно гэдэг байсан. Одоо цаг нь болсон. Өршөөлийн тухай хууль мөн л батлагдах үгүй нь тодорхойгүй.
6
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад чухал хуулиуд оржээ. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл хариуцлагагүй, үр дүнгүй байдаг. Үүнийг сайжруулах үүднээс Эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөл яригдсан. Үүнийг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын дээгүүр оруулж өгөхийг хүсч байна.
7
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Бид Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа 240 объектийг царцаасан. Бидэнд 140 тэрбум төгрөг байгаа. Гэтэл Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл 200 тэрбум төгрөг шаардаж байна. Нөгөө талдаа Нийгмийн даатгалын сан мөнгөгүй. Хөдөлмөр хийсэн хүмүүс төлсөн шимтгэлийнхээ хүрээнд тэтгэвэр авдаг. Гэтэл суурь тогтолцоогоо өөрчлөөгүй байж Хамтын тэтгэврийн тухай хууль оруулж ирлээ. Бид ахмадуудын тэтгэврийг 30 хувиар нэмээд өгчих гэж шаардаж байгаа. Өнөөдөр Хамтын тэтгэврийн тухай хууль харь сонсогдоод байгаа юм. Эрх баригчид Засгийн газраа үл тоож байна. Фракц фракцаараа хуваагдаад, олон Ерөнхий сайдтай байна. Эдийн засгийн гүнзгий уналт бодитой боллоо гэдгийг олон түмэнд хэлэх хэрэгтэй. Хямралыг нийтээрээ даван туулах хэрэгтэй. Уналтыг хэрхэн зөөллөх вэ. Үүнийг хэлэлцмээр байна. Хууль зөрчиж оруулж байгаа бол хэлэлцэх асуудлыг дахиад хойшлуулах хэрэгтэй.
7
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Уг нь хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг намрын чуулган завсарлахын өмнө батлах ёстой. Гэтэл УИХ-ын хариуцлагагүй байдлаас болж өнөөдөр хэлэлцэж байна. УИХ эдийн засгийн хямралаас гарах гарцыг хэлэлцмээр юм. Гэтэл энэ жагсаалтад эдийн засгийг идэвхжүүлэх асуудал орсон байгаа. Уг нь хямралаас яаж гарах вэ гэж гарцаа хайх хэрэгтэй.
6
Ийнхүү гишүүд Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөлд саналаа хэлцгээж байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ