Хүүхдэд зориулсан утга зохиолын бүтээл шалгаруулна

img

Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Ном” дэд хөтөлбөрийн хүрээнд 9-17 насны хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг БШУЯ-наас зохиолч, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.

6

Бүтээлийн үзэл санаа нь хүүхэд үндэсний ёс заншил, түүх соёлоо танин мэдэх, бахархах, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн үнэт зүйлийг ухааран ойлгох бусадтай нийгэмшин амьдрахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн. Бүтээлээр дэвшүүлсэн асуудал нь орчин цагийн дэлхий ертөнц, хүмүүний амьдралын дүр төрх, тулгамдсан асуудал, түүнд хандах сэтгэлгээний хэв шинжийг илэрхийлж, хүүхдэд асуудлыг эерэгээр шийдвэрлэх санал, тодорхой сургамжийг өгсөн. Хүүхэд өөрөө бие даан байгаль, нийгмийн амьдралын мөн чанарыг ухааран өөртөө болон гэр бүл, нийгмийн амьдрал, ирээдүйдээ итгэх итгэл,  урам зоригийг олж авахуйц агуулгатай.  Хүүхдийн хэл, сэтгэхүйн хөгжилд бүтээлч нөлөө үзүүлэхүйц, сонирхолтой, хэл найруулгын хувьд төгс байх шаардлага тавигдах нь.

6

Уралдаанд ирүүлэх бүтээл нь урьд  өмнө хэвлэмэл  болон электрон зэрэг ямар нэгэн хэлбэрээр нийтлэгдэж, олны хүртээл болоогүй байх ёстой аж. Бүтээлийг WORD программ дээр ARIAL шрифт, А4 форматаар, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.0 –аар  урд талаасаа 30 мм, дээд доод талаасаа 20 мм, баруун буюу араасаа 15 мм зайтайгаар, ердийн стандарт хэлбэрээр бичсэн байна.

6

Бүтээл нь роман бол 140 нүүр хуудас буюу 17.5 хэвлэлийн хуудаснаас дээш, тууж 10 хэвлэлийн хуудаснаас, баримтат өгүүлэл, өгүүллэг найман нүүр буюу нэг хэвлэлийн хуудаснаас, яруу найраг  дөрвөн хуудас буюу 0.5 хэвлэлийн хуудаснаас дээш байх шаардлагатай. Бичвэрийг цаасан хэвлэмэл болон файл хэлбэрээр хүлээж авах ба  файлын эхийг CD дээр буулгасан байна.

6

Романы төрөлд таван бүтээл шалгаруулж, тус бүр дөрвөн сая төгрөг, 10 хүртэл тууж шалгаруулан тус бүр гурван сая төгрөг, Баримтат өгүүлэлийн төрөлд шалгарсан таван бүтээлд тус бүр хоёр сая төгрөг, өгүүллэгийн төрөлд эхний 25 байрт шалгарсанд тус бүр хоёр сая төгрөг, яруу найргийн төрөлд 30 бүтээл шгалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн шагнал хүртээх юм байна.

6

Харин орчуулгын зохиолоос шалгарсан таван романд тус бүр 2.5 сая төгрөг, 10 туужид тус бүр 1.5 сая төгрөг, 25 өгүүллэгт тус бүр 500.0 төгрөгөөр урамшуулах аж. Уг уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг хэвлэх, түгээх, сурах бичигт ашиглах эрх БШУЯ-нд үлдэнэ. Бүтээлийг  2014.06.02-ны 17.00 цаг хүртэл БШУЯ-ны 421 тоот өрөөнд хүлээн авах ба долоодугаар сарын 01-нд шагналын эзэд тодрох юм байна.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энхлэн:
энэ уралдаанд сургуулийн сурагчид оролцож болох юм болов уу?
2014-05-03