Д.Эрдэнэбат: Улсын төсөв нэрийн дор мөнгө угаагаад байгаа компаниудыг нэрлэ
-Аудитын дүгнэлтээр 81 объектод хөрөнгө оруулалт хийхийг хойшлуулсан байна-
6
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан ширүүхэн боллоо. Энэ хуралдаанаар 2014 онд төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад “00” дүнтэйгээр тусгагдсан, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ нь нэмэгдсэн, гүйцэтгэл, арга хэмжээ нь удааширсан шалтгааныг тогтоохоор Үндэсний аудитын газрын тайлангийн танилцуулгыг сонссон юм. Гишүүдэд Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад царцаасан барилгуудад хийсэн дүгнэлтээ танилцууллаа. Нийтдээ энэ жилийн хувьд 243 объектийг царцаагаад аудит хийлгэсэн юм.
6
Төсвийн хөрөнгө оруулалт хийгдэн, гүйцэтгэл нь 60-аас дээш хувьтай яваа 146 төсөл, арга хэмжээг энэ оны төсвийн төсөлд суулгаж, ашиглалтад оруулах шаардлагатай гэж үзжээ. Үүнээс гүйцэтгэл нь дууссан буюу 90-ээс дээш хувьтай, энэ онд ашиглалтад оруулах шаардлагатай 37 барилгыг заасан төсөвт өртгөөр нь дуусгах боломжтой юм байна. Харин 109 объектыг энэ онд санхүүжүүлэхэд Засгийн газар энэ оны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн боломждоо тулгуурлан тооцоолж тодорхойлох нь зүйтэй гэж үзжээ. Дээрх барилгын төсөвт өртгийг дахин гаргах шаардлагатай гэж үзсэн байна. Харин хуульд заасан шаардлага нь хангагдаагүй 81 объектийн хөрөнгө оруулалтыг энэ удаад хойшлуулж, ирэх 2015 оны төсөвт суулгах нь зүйтэй гэж үзжээ. Зураг төсөл нь алдаатай, нэмэгдэл зураг төсөл зохиох, тэдгээрт дур зоргоороо өөрчлөлт оруулах замаар төсөвт өртөг нэмэгдүүлэх, дараа оны төсөвт тусгуулах зэрэг зөрчил илэрсэн байна. Зарим тохиолдолд гүйцэтгээгүй ажилд санхүүжилт нэмж хийсэн тохиолдолд ч гарчээ.
6
Энэ жил төсвийн санхүүжилт хийхийг хойшлуулсан объектуудын учир шалтгааныг тодорхой тайлбарлахыг гишүүд холбогдох албаны хүмүүст хэлж байсан юм. Ингээд гишүүд аудитын дүгнэлттэй холбогдуулан асуулт тавьсан юм.
6
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Өнөөдөртөө энэ асуудлаар шийдвэр гарчихгүй байх гэж бодож байна. Ямар үндэслэлээр нэг хэсгийг нь энэ онд үргэлжлүүлэн барихаар болсон юм. Ямар хэсгийг нь хойшлуулаад байгааг үндэслэлтэй тайлбарлахгүй юу? Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн бүс нутгийн бодлого гээд олон үндэслэлүүдээр бид төсөвт хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг тусгадаг. Өнөөдөр Ховдын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг цэвэрлэх байгууламж, био технологи нутагшуулах асуудал ажлын байр бий болгох, экспортыг нэмэгдүүлэх юм. Яагаад хойшлуулсан юм бэ. Ижил хүчин чадалтай барилга, нэг газарт мөртлөө гурван өөр үнэтэй байна вэ? Засгийн газар 740 тэрбум төгрөгийн төсөвт өртгөө нэмэгдүүлэхээр болсон. Үүнийг хэрхсэн бол гэдэг асуултыг тавьсан юм.
2.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий Арьс ширийг цэвэрлэх байгууламж нь Ховд аймагт байхгүй. Энэ байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ-ийг нь тодорхойлсны дараагаар барихаар хойшлуулсан гэсэн хариултыг албаны хүмүүс тайлбарласан юм. Газрын асуудал нь шийдэгдээгүй, өөрчлөгдөөд байсан учир баригдаагүй хойшилж байсан байна.
6
Соёлын зориулалтай өртгийн судалгаа 2-3 янзаар хийгджээ. Аймгийн төвд байгуулагдаж байгаа соёлын төвийн судалгаа адил аж. Харин өртөг өндөр байгаа нь материал хийц, сонголтууд болон хугацаа удааширсан байдлаас хамаардаг юм билээ. Мөн техникийн нөхцөлүүд нэлээн гардаг байна. Улиастайн театрын барилга гэхэд суурийн ажил дээрээ анх төсөвлөсөн зардлынхаа талыг зарцуулсан байсан аж. Тиймээс төсөв нь нэмэгдсэн байна.
6
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Аудитын дүгнэлтийг харлаа. Ний нуугүй хэлэхэд, бөөрөнхийдүү дүгнэлт гаргачиж. Ховдод цэвэрлэх байгууламж хэрэгтэй гэдэг дээр би С.Бямбацогт гишүүнтэй санал нэгдсэн. Гэхдээ байгуулна гэдэг нэрийн дор цуг явах ёстой юмыг түрүүлж хийсэн байна лээ. Харин тоног төхөөрөмж нь Улаанбаатар хотод байгаа гэж байсан. Харин тэнд зураг төслийн дахин төлөвлөлт хийх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн. Харин төрөөс тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан хариуцлагагүй компаниар дахин ажил хийлгэж болохгүй. Хамгийн олон тендэр аваад ажлаа гүйцэтгээгүй компаниудыг нэрлээд өгөөч. Мөн олон жил сунжирсан компаниудыг дахин нэрлэх хэрэгтэй. Улсын төсвөөр хэрэгжиж байгаа гэдэг нэрийн дор мөнгө угаагаад байгаа компаниудыг нэрлэ гэсэн юм.
Түүний асуултад Ерөнхий аудитор А.Зангад: 200 гаруй объектоос гурван объект давхар авсан гээд 84 гүйцэтгэгчийн нэр судалгаанд байгаа. Жишээ нь, 2012 онд байсан төсөвт өртгийг 2013 онд хэдэн хувиар нэмсэн нь байгаа. Ер нь дунджаар 50 орчим хувиар төсөвт өртөг өссөн байгаа. Урьдчилгаагүйгээр хийдэг шаардлагыг хууль болгох шаардлагатай гэлээ.
Харин гишүүн Д.Эрдэнэбат “1000 гаруй зөрчлөө битгий нуу. Одоо ил тод зарла. Ажлын хэсэг санал дүгнэлт гаргахаар байгуулагдах байх. Бүх зүйлээ ил тод болго” гэсэн юм.
6
УИХ-ын дарга З.Энхболд:
-Аудит хийсэн талаараа нэгдсэн ойлголттой болмоор байна. Хоосон газартай мөртлөө тэрбум төгрөг гараад явсан. Зураг төсөв зөрчсөн хүмүүсийн нэрийг хэл. Асуултад ер хариулахгүй юм. Зөрчил гаргасан хүмүүс шалгагдана. АТГ-т очно. Тэр үед та нар хийсэн ажлаа хамгаалах ёстой” гэлээ.
6
Харин хөрөнгө оруулалт хийхийг хойшлуулсан объектууд дотор 2013 оны 6-8 сард ажил нь эхлүүлсэн барилгыг багтаасныг зарим гишүүд тодруулж байв. Энэ асуудлаар гишүүд нэлээд нухацтай хандаж, хуралдаан ч ширүүхэн уур амьсгалд үргэлжилсэн юм.
6
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ