З.Батбаяр: Усны тухай бүх эрхийг “Монгол ус” компанид шилжүүлсэн
Усны газрын орлогч дарга асан, хуульч З.Батбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан усны асуудлаар хүсэлт гаргажээ. Мөн 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газраас гаргасан 390, 391 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Энэ нь дээрх хоёр тогтоолоор БОНХЯ-ны хуулиар олгогдсон усны тухай эрхийг “Монгол ус” төрийн өмчит компанид шилжүүлсэнтэй холбоотой аж. Түүнтэй энэхүү асуудлаар болон усны үнийн талаар ярилцлаа.
5
-БОНХЯ-нд хуулиар олгогдсон бүрэн эрхийг “Монгол ус” компанид шилжүүлсэн гэлээ. Ямар ямар эрхийг нь шилжүүлсэн юм бол. Та энэ асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-2012 оны тавдугаар сарын 12-нд Усны тухай хууль батлагдсан. Гэтэл сүүлийн үед зарим үйл ажиллагаанаас болоод Усны тухай хуулийн хэрэгжилтэд асуудал үүсч байна. Монгол Улсын Засгийн газраас 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 390, 391 дүгээр тогтоол гаргасан байдаг. Тэгвэл 390 дүгээр тогтоолоор Засгийн газар БОНХЯ-нд хуулиар олгогдсон усны тухай эрхийг төрийн өмчийн "Монгол ус" үйлдвэрийн газарт шилжүүлсэн. Нийт найман төрлийн бүрэн эрх байгаа. Тухайлбал, хоногт 100 шоо метрээс илүү ус ашиглах газруудад БОНХЯ дүгнэлт гаргаж өгөх буюу ашиглах ус болон төлбөрийн хэмжээг тогтоож өгдөг. Мөн голын гольдрилыг өөрчлөх тухай асуудлыг Монгол улсын хуулийн дагуу БОНХЯ хийх ёстой гэтэл тэр эрхийг хүртэл шилжүүлсэн байна. БОНХЯ буюу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагат Усны тухай хуулинд зааснаар 24-25 эрх байгаа үүнээс хамгийн их хөрөнгө, мөнгө томоохон бүтээн байгуулалттай холбоотойг нь түүгээд “Монгол ус”-д шилжүүлчихсэн байна. Усны тухай асуудал дээр ашгийн төлөө явуулдаг үйл ажиллагаа байж болохгүй. Гэтэл компани бол ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага шүү дээ. Сүүлийн үед Засгийн газраас Төрийн өмчийн “компаниудыг хувьцаат компани болгоё” гэж яриад байгаа. Хэрэв “Монгол ус”-ыг хувьцаат компани болговол хувьцааг нь худалдаж авах замаар хэн нэгэн өөрийнхөө гарт оруулж болох юм. Монгол улсын Засгийн газар сайдын бүрэн эрхийг нэг компанид шилжүүлснээр улсын хамгийн чухал зүйл болох усны асуудлыг дангаар шийдвэрлэх эрх олголоо.
5
-Засгийн газрын 391 дүгээр тогтоолоор ямар ямар газруудын усны эх үүсвэрийг шилжүүлсэн юм бол?
-Дулааны цахилгаан станцын усны эх үүсвэрийн бүх худгууд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн, Багануур болон Шивээ овоогийн нүүрсний уурхай, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн усны эх үүсвэрүүдийн бүх худгийг шилжүүлсэн. Мөн Дорнод аймгийн Чойбалсан, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцуудын усны эх үүсвэрийн худгийг мөн шилжүүлсэн байгаа. Үүнээс гадна нийт 17 услалтын систем. Ингэхээр БОНХЯ байгаад ч хэрэггүй, Усны газрыг татан буулгаад яамандаа хариуцуулсан нь нэг компанийн мэдлийнх болчихоод хамгийн чухал гэсэн обьектын усыг эзэмшиж байна. Энэ компани ашиг олох шалтгаанаар “Эрдэнэт” үйлдвэрт ус нийлүүлэхгүй гэвэл яах вэ. Усны асуудлыг хувьчлах үйл ажиллагаа явагдаж байгаа юм биш гэсэн болгоомжлол төрж байна. Шүүхээс ямар шийдвэр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар дүгнэлт гаргахыг харж байя. Ер нь аль үеийн Засгийн газар байхаасаа үл хамааран хуулиар яаманд олгогдсон эрхийг аль нэг компанид шилжүүлнэ гэдэг хуулийг ноцтой зөрчиж байгаа явдал юм.
6
-Усны тухай эрхийг “Монгол ус” ТӨК эзэмших нь БОНХЯ-нд байснаас ямар ялгаа байна?
-Компани ашгийн төлөө ажилладаг. Үүнээс шалтгаалаад буруутай үйл ажиллагаа хийсэн тохиолдолд тэр компанид хариуцлага тооцох үндэслэлгүй болно. Харин БОНХЯ-нд байх юм бол ашгийн төлөө биш Төрийн бодлогын дагуу устай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болно гэсэн үг. Усыг Оюутолгой, Тавантолгойтой холбоотой асуудлаар бизнес болгож болно. Харин иргэдийг цахилгаан дулаанаар хангах асуудал дээр бол бизнес болгож болохгүй. Ус Төрийн мэдэлд байх нь зөв. Маш олон оронд тийм байдаг. Дэлхийн улс орнуудад усны төлбөр нь тухайн уул туурхайн компанийн нийт гаргаж байгаа зардлын нэг хувиас давахгүй байх юм бол ерөнхийдөө боломжит хэмжээнд хэтэрхий өндөр биш байна гэж үздэг. Гэтэл өнөөдөр манайд нийт зардлын 0,01 хувьтай тэнцэх байдаг ч юм уу. Гэхдээ үүнийг нэмэхийн төлөө нэг компанид шилжүүлж байгаа нь аюултай. Үүнийг харгалзаж үзэлгүйгээр ашигтай ажиллуулья гээд хувьцаат компани болговол Францын хамгийн сайн компанид усны асуудлаа хариуцуулаад 20 жилийн дараа усаараа хараат болсон Камбож улсын алдааг давтах магадлалтай. Нэг хоёр жилийн дараа үр дүн нь гарна гэж байхгүй. 20-30 жилийн дараа харагдана. Одоо бол БОНХЯ-нд бодитойгоор нөлөөлөх эрх үлдээгүй.
5
Ундны усны төлбөрийг нэмэхгүй байх бүрэн боломжтой
6
-Төрийн өмчит компанид шилжүүлсэн нь нэг талаар алдагдлаас гарах арга зам биш үү?
-Алдагдал гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Улаанбаатар хотын хүн амыг усаар хангаж байгаа нь алдагдалтай байна гэж яриад байгаа. Гэтэл уул уурхайн компаниуд дээр алдагдал байх ёстой юу, ашиглуулах уу гэдэг нь цэвэр стратегийн асуудал. Бид Оюутолгойтой олон төрлийн гэрээ байгуулж байснаас усаа нийлүүлэх, нийлүүлэхгүй тухай яривал эзэн нь байна гэсэн үг. Улс орны үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал асуудал усны нөөц байдаг. Гэтэл усны нөөцөө нэг компанид хариуцуулж тэрүүгээр түүний хувьцаагаар дамжуулан хяналтаасаа алдах аюултай болсон байна гэдгийг л хэлж байгаа юм. Ус бол байгаль орчны хамгийн гол нөөц учраас ашиг олох хэрэгсэл биш.
5
-Усны төлбөрийн тухайд. Нэмнэ гэж яригдаад байгаа шүү дээ?
-Би уул уурхайн компанид ашиглуулж буй усны үнийг нэмэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Гэр хороолол, орон сууцанд амьдарч байгаа иргэдийн ундны ус үнэгүй байх бүрэн боломжтой. Уул уурхайн компаниудаас олох орлого маань орон сууц болон гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн усны зардлыг хол давсан байгаа. Усны 20-30 хувийг ахуйн зориулалтаар, 40 хувийг уул уурхай, үлдсэн хэсгийг хөдөө аж ахуйн салбарт хэрэглэж байгаа. Тиймээс хөдөө аж ахуй уул уурхайн салбар ашиглаж буй усны төлбөрийг нэмээд ундны усны үнийг байхгүй болгочих боломжтой. Одоо усны үнийг нэмнэ гээд байгаа нь зөвхөн нэг салбартаа бодоод байгаа юм. Гэтэл улсын хэмжээнд уул уурхайгаас олсон ашгаараа усны асуудлыг шийдээд явах бүрэн боломжтой. Уул уурхайгаас ард түмэнд унах ашиг тусын нэг хэлбэр энэ байж болж байгаа юм.
5
-Ус сувгийн удирдах газар алдагдалтай ажилладаг гэдэг?
- Гэр хороолод амьдарч байгаа хүн худгаасаа очоод нэг төгрөгөөр ус авахад нь тэр усыг авчиж өгсөн зардлыг үйлчилгээний үнэ гэдэг. Ус сувгийн удирдах газар жилдээ 11-13 тэрбум төгрөгийн зардал гаргаж олж байгаа орлого нь 9-11 тэрбум байдаг. Ингэхээр хоёр тэрбум төгрөгийн алдагдал гарч байгаа, төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэхийн тулд дахиад мөнгө хэрэг болж алдагдалд орно. Гэтэл үүнийгээ уул уурхайтай юм уу ус ашиглагчидтайгаа холбож үзэлгүйгээр Улаанбаатар хот өөрөө шийдэх гээд зүтгээд байгаа юм. Үүний оронд энэ асуудлыг улсын хэмжээнд тавиад уул уурхайд ус ашилуусны төлөө олсон орлогын илүү гарсан мөнгө буюу цэвэр ашгаар усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Манай улсад салбар хоорондын уялдаа байхгүйн үндсэн шалтгаан энэ. Салбар хоорондын уялдааг хангадаг хамгийн гол хэрэгсэл ус байдаг. Тэр усыг хариуцаж байдаг үндсэн чиг үүргийг БОНХЯ хүлээж авсан гэтэл үүнийг эргүүлээд нэг компанид хариуцуулна гэдэг тэр уялдаагаа байхгүй болгож байгаа юм.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ