Дүгнэлтийг өөрчилж “архины хордлогын улмаас нас барсан” болгожээ
Охид, бүсгүйчүүд найз залуудаа дарамтлуулж, зодуулж амь насаа алдах хэрэг олон гарч, энэ хэргүүдтэй холбоотой болон тухайн хэргийг буруу шийдвэрлэсэн тухай мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Бас нэгэн ийм хэргийн хохирогчийн ар гэрийнхэн өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандан, хэргийн үнэн зөвийг тодруулж өгөхөд тус болохыг хүссэн юм.
Энэхүү хэрэг нь одоогоос жил гаруйн өмнө буюу 2012 оны 12 дугаар сард болсон байна. 12 дугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн үед Б.Төмөрбаатар гэгч Баянзүрх дүүргийн V хороонд орших гэрээс нь өөрийн найз бүсгүй болох А-г авч гаран “Цайз караоке” бааранд оржээ. Тэрбээр н.Доржжагдаг, н.Одгэрэл гэх хоёр найзтайгаа явсан ба тэр дөрөв шөнийн 23 цагийн үед баарнаас гарсан байна.
6
Энэ талаар тухайн үед бааранд ажиллаж байсан гэрчүүд “тэд баарнаас гарахдаа гурван залуу нь ихэд согтсон байсан, харин бүсгүй нь эрүүл байсан” гэж мэдүүлжээ. Гэтэл Б.Төмөрбаатар “Зулаа эгч чинь маш их согтсон учир бид өргөж дийлдэггүй. Чи гарч ирээд өргөлцөөд аавынд хүргээд өг гэж шөнийн 02 цагийн үед өөрийн дүү Б.Төмөршагай руу утасдсан. Түүнийг гарч очиход талийгаач газар хэвтэж байсан ба өгсүүр газар үүрч явахдаа хоёр ч удаа унагасан гэж Төмөршагай мэдүүлсэн байна.
6
Тэрбээр талийгаачийг өөрийн аав н.Бат-Эрдэнийд оруулахад сэргэхгүй байжээ. Тэгэхээр нь Б.Төмөрбаатар найзууд болон дүүтэйгээ нийлэн найз бүсгүйгээ ухаан оруулахын тулд бүх хувцсыг тайлж, гадаа авч гаран бие биерүүгээ савлуулан шидэж, дараа нь цасан дээр хэвтүүлээд хүйтэн ус цацаж, гэртээ оруулан, хаяагаа сөхөж орон доогуураа хэвтүүлэн хонуулсан тухай хавтаст хэрэгт нь тэмдэглээстэй байгаа аж.
6
Ухаангүй болсон талийгаачийг яагаад аавындаа аваачив?
6
Бүсгүй ухаан орохгүй байсаар хоёр хоносон тул тэд түргэн дуудаж, дуудлагаар ирсэн эмч н.Цэрэндолгорт “архи хэтрүүлэн уусан” гэж хэлжээ. Гэтэл эмч залуугийн үгэнд орж “архины гүн хордлогонд орсон байна, харьяа дүүргийнхээ эмнэлэгт очоод дусал хийлгээд зүгээр болчихно” гэж ямар ч арга хэмжээ авалгүй яваад өгсөн байна. Ийнхүү талийгаачийг БЗД-ийн эмнэлэгт хүргэхэд биеийн байдал маш муу байсан учир ГССҮТ-д хүргүүлснээр 12 дугаар сарын 18-нд хагалгаанд оржээ. Талийгаачид хагалгаа хийсэн эмчлэгч эмч н.Пүрэвдорж “Тархиндаа маш хүнд хэлбэрийн гурван гэмтэлтэй байна. гавал хуйхны завсар гадны нөлөөнөөс үүдэх маш их хэмжээний цус хуралт үүссэн. Үүнийг маш хүчтэй эм тариа хийж байж шимэгдүүлэх боломжтой. Ер нь амьд гарах найдлага тун муу тул сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Уушгинд их хэмжээний гэмтэл байх авч юун түрүүнд тархины мэс засалд орох шаардлагатай” гэж хэлж байжээ.
6
Бүсгүй хагалгаанд орсон боловч ухаан оролгүй байсаар 12 дугаар сарын 25-нд нас барсан байна. Түүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний хариу “гадны нөлөөнөөс болж амь насаа алдсан, архи согтууруулах ундаа илрүүлэх боломжгүй” гэж гарчээ. Гэтэл тус хэрэг дээр ажиллаж буй мөрдөн байцаагч, прокурорууд “архины хордлогын улмаас нас барсан” хэмээн тодорхойлсонд ар гэрийнхэн нь гомдолтой байна.
Талийгаачийн ар гэрийнхэн бүсгүйг эзгүй хоёр хоноход утас руу нь залгахад авахгүй эсвэл холбогдох боломжгүй гэсэн хариу өгч байжээ. Арга барагдан гэрт нь очиход цоожтой байжээ. Тэд Б.Төмөрбаатарын аавынхыг мэддэггүй байсан тул очиж үзээгүй аж. Гэтэл хоёр хоногийн дараа талийгаачийн найз залуу ээж рүү нь утасдан “охины чинь бие муу байна та Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр ирээч” гэснээр ар гэрийнхэн нь энэхүү явдлын талаар мэджээ.
6
2,6 жилийн ял авсан Б.Төмөршагай тархины саажилттай гэв
5
Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгажээ. Хэрэг дээр тус хэлтсийн мөрдөн байцаагч н.Анхбаяр, прокурор Б.Даваасүрэн, Д.Галбадрах нар ажиллажээ. Уг хэргийн анхан шатны шүүх хуралдаан бүтэн жил гаруйн дараа буюу өнгөрөгч хоёрдугаар сарын 3-нд болжээ. Хамгийн хачирхалтай бүсгүйг үүрч явахдаа халтирч унагаасан гэх Б.Төмөрбаатарын төрсөн дүү Төмөршагайг хэргийн гол сэжигтнээр татаж, анхан шатны шүүх хуралдаанаар түүнд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 “Бусдыг болгоомжгүй алсан бол таван хүртэлх жил хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар 2,6 жилийн хорих ял оноосон байна. Б.Төмөршагай одоо “Ганц худаг”-т хоригдож байгаа ба өөрийгөө энэ хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож өгөхийг хүссэн захидлыг Нийслэлийн шүүхэд хандан бичжээ. Хохирогчид Б.Төмөршагайг тархины саажилттай гэж хэлж байв.
6
Энэ мэтчилэн ээдрээтэй асуудлууд энэхүү хэрэг дээр гарч байна. Тухайлбал, талийгаачийн найз залуу Б.Төмөрбаатар ар гэрийнхэнд нь “Би Зулаатай уулзаагүй. Харин эмнэлэгт хүргэж ирдэг орой над руу Зулаа утасдаад би хүнд зодуулчихсан ухаангүй байна. намайг ирж аваач гэсэн учир би очиж авсан” гэжээ.
Мөн талийгаачийг гэрээс нь дуудан гаргаж, учир битүүлгээр ухаан алдуулсан, ухаан оруулахын тулд өвлийн хүйтэнд найз, дүү нартайгаа нийлэн савлан шидсэн, хувцсыг нь тайлан цасан дээр хөрвөөлгөж, хүйтэн ус бие рүү нь цацаж, гэрийн хаяа сөхөж, орон доор хонуулсан зэрэг үхэлд буруутгах олон шалтгааны эзэн Б.Төмөрбаатарыг яагаад сэжигтнээр татсангүй вэ? Шүүх эмнэлгийн дүгнэлтээр үхэлд хүргэсэн бас нэгэн шалтгаан нь хоёр уушигны бөглөрөл хатгалгаа гэж оношилжээ. Хэрэв цаг алдаагүй бол манай талийгаачийг аврах боломжтой байсан гэж эмч нар хэлсэн. Энэ хүмүүс миний дүүгийн амийг аваръя гэж бодсон бол хүний ёсноос гажууд үйлдлүүдийг хийж, тамлан зовоох бус эртхэн эмнэлэг дуудах байсан байх гэж би бодож байна гэж түүний нагац эгч Б.Отгонбаяр хэлж байсан.
6
Түүнчлэн Б.Төмөрбаатарын аав н.Бат-Эрдэнэ хүүгээ бүсгүйг гэртээ авчраад ухаангүй байдалтай хоёр хоног болоход юу ч хэлээгүйгээс гадна, хэрэг гарах үед талийгаачийн өмсөж явсан хувцсыг юуны учир өөрийн хүүгээрээ хогийн цэг дээр хаяуулав. Хэрэг үйлдэх үед хамт байсан Б.Төмөрбаатарын хоёр найзыг яагаад зөвхөн гэрчээр татаад орхисон юм бол, эмчийн тангарагаа умартаж, найз залуугийнх нь үгэнд итгэн огт архи хэрэглээгүй залуу бүсгүйг “архины хордлогонд орсон” гэж хэлээд явсан эмч н.Цэрэндолгор ажилдаа хариуцлагатай хандсан бол бүсгүй амьд байх байсан ч юм бил үү зэрэг асуултууд талийгаачийн ар гэрийнхэнд үүсэж байна.
6
Хамгийн гол нь энэ хэрэгт хайнга хандаж, гэмт хэрэгт буруутай байж мэдэх хүмүүсийн талд үйлчилж буй БЗД-ийн прокурор П.Даваасүрэн, Д.Галбадрах, мөрдөн байцаагч н.Анхбаяр нарын холбогдох албаны хүмүүсийг шалгуулж, хэргийн үнэн мөнийг тогтоолгохыг хохирогчийн ар гэрийнхэн хүсч байгаа. Иймээс тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд хандсан ба шүүх хурлын тов зарлагдаагүй байгаа аж. Мөн энэхүү шударга бус ээдрээт хэрэгт гомдолтой байгаагаа илэрхийлэн, шударгаар шийдэж өгөхийг хүсч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хандан захидал бичсэн бөгөөд хариу нь хараахан ирээгүй байгаа юм байна.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ