Ц.Туваан: Вакцины чанарт эргэлзэх зүйл байхгүй
Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанаас шүлхийн вакцины талаар тодрууллаа.
:
-Вакцины чанарын талаар тодруулаач?
-Энд салбарын яам мэргэжлийн хяналттай хамтраад бүх талын хяналтыг тавьж байгаа. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лабораторийн дүгнэлттэй, тухайн вакциныг үйлдвэрлэх цувралын давхар гэрчилгээг авсан, шаардлага хангасан ванкцин тул чанарт ямар ч эргэлзэх зүйл байхгүй.
Вакциныг хүлээж авсан даруйдаа Мал эмнэлэг үржлийн газрын дарга болон малын ерөнхий эмчийн гаргасан тактикийн дагуу орон нутагт зориулалтын машинаар вакциныг тараан байрлуулсан.
.
-Галт тэргээр вакцин тээвэрлэж болохгүй гэж яригдаад байх юм?
-Тийм зүйл байхгүй. Бүх төрлийн тээврийн хэрэгслээр вакциныг тээвэрлэж болно. Зарим улс оронд усан замаар ч вакциныг тээвэрлэн хүргэж байна.
.
-Цаашид шүлхий өвчнийг дахин гаргахгүй байх талаар салбарын яам хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Бид энэ талаар ажиллаж байгаа. Гэхдээ шүлхий байгалийн голомтот халдварт өвчин тул 100 хувь хяналтандаа байлгах боломжгүй.
.
-Боом, галзуу өвчний вакцин хангалтгүй байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-ҮХАА-н сайдын тушаалаар дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг гарсан. Боом, галзуу өвчин гарсан газруудыг дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаар бүрэн хангасан байгаа.
.
-Малчид малаа вакцинжуулалтад хамруулахгүй байгаа тохиолдол гарсан гэсэн. Үүнд хариуцлага тооцох уу?
-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 малчин малаа вакцинжуулалтад хамруулаагүй тохиолдол гарсан. Одоогоор үүнд тооцох хариуцлагын дүрэм журам байхгүй ч бид цаашдаа ийм зөрчил гаргасан малчдын мал өвчилсөн тохиолдолд нөхөн төлбөр өгөхгүй байх асуудлыг ярилцаж байгаа.
.
-Малчид малаа вакцинжуулалтад хамруулахгүй байгаа шалтгаан юу юм бол. Чанартай холбоотой гэж яриад байх юм?
-Үгүй ээ. Малчид бэлчээрт гарсан малаа вакцинжуулахгүй байх тохиолдол гарч байна. Мөн энэ нь “Буянт малдаа зүү хүргэхгүй” гэсэн мухар сүсэгтэй холбоотой.
.
-Нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг юм бол?
-Монгол Улсын хуульд малыг төрөөс хамгаалахаар тусгасан байдаг. Иймээс зориудаар устгасан малын нөхөн төлбөрийн үнийг зах зээлийн ханшны 90 хувиар тооцож олгодог.
.
-Халдварт өвчин гарсантай холбоотойгоор махны нийлүүлэлт буурч байгаа гэсэн?
-Уг нь хаврын цагт зүүн аймгуудаас ихэвчлэн мах нийлүүлдэг байсан ч энэ удаа хорио тогтоосон газруудаас мах оруулж ирэх боломжгүй болсон. Гэхдээ энэ жил 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэж, худалдаанд гаргасан. Мөн халдварт өвчин гараагүй бусад аймгуудаас нойтон мах нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.
.
-Экспортын мах энэ жил буурах уу?
-Тийм ээ. Мэдээж шүлхий өвчин гарсан нь махны экспортод нөлөөлнө. Энэ жил хонь, ямаа, үхрийн мах экспортлохгүй. Адууны мах бага хэмжээгээр экспортод гаргана.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ