Лондонд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна
Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга, Малайзид төвтэй Лимкоквинг их сургуулийн Лондон дахь салбарын Дэд захирал Профессор Седрик Бэлл нар Лондон хотноо Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичгийн дагуу тус сургууль нь жилд 10 монгол оюутныг Лондон дахь салбартаа тэтгэлгээр суралцуулахаар болжээ. Үүнд, өрхийн орлого багатай гэр бүлээс гаралтай ч сурлага, хөдөлмөрөөрөө амжилт үзүүлсэн таван оюутныг бакалаврын сургалтад, таван оюутныг магистрын сургалтад тус тус 2014 оны хичээлийн жилд элсүүлэн суралцуулахаар хоёр тал тохиролцсон байна. Элчин сайд Н.Тулга хэлсэн үгэндээ, Малайзид төдийгүй олон улсад танигдсан Лимкоквинг их сургуульд монгол оюутнууд тэтгэлгээр, тэр дундаа Лондон хотод ирж суралцах боломж бүрдэж буйд баяртай байна. Цаашид тус сургуультай өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлов.
Тэтгэлэгт хамрагдах оюутан нь тус сургуулийн элсэлтийн шаардлагыг хангасан байхаас гадна Британийн Хилийн албаны визний наад захын шалгуурыг хангасан байх шаардлагатай ажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ