Лиценз зөвшөөрлийг цэгцлэх ажлын хэсэг хуралдлаа

img

Төрийн байгууллагуудаас олгодог тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөлөх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ээлжит хурлаа хийжээ. Өнөөдрийн хурлаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хууль зүйн яам, Замтээврийн яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлүүдийн талаар хэлэлцсэн байна. Хурлыг тус ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг удирдаж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Дэмбэрэл нар оролцжээ.

5

Энэ үеэр ус ашиглах зөвшөөрөл, Байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох шат дамжлагыг халж, нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх, Тусгай зориулалтаар ан агнах, загас барих зөвшөөрлийг орон нутагт нь хариуцуулах чиглэлийг ажлын хэсгээс БОНХЯ-нд өгсөн. Цаашид тус яам зөвшөөрөл лиценз олгох ажлаа мэргэжлийн холбоод, эсвэл орон нутгийн холбогдох шатныханд хариуцуулаад бодлого, хяналт, мэргэжлийн зөвлөгөөгөөр дагнаж ажиллах нь зүйтэй гэж санал нэгдсэн байна.

 

Мөн Хууль зүйн яамнаас олгодог Тамга тэмдэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал дэвшүүллээ. Агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нисэхийн хангамжийн байгууллагын гэрчилгээ олгох ажлыг олон улсын гэрээний заалтуудад нийцүүлэн цөөн шат дамжлагатай болгохыг Зам тээврийн яаманд даалгажээ.  Харин Уул уурхайн яамнаас олгодог Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хий импортлох ажлыг нээлттэй чөлөөтэй болгох ёстой гэж үзсэн байна.

 

Ингэж цэгцэлсний дараа тусгай зөвшөөрлийн асуудлыг нийтэд нь зохицуулсан хууль гаргахаар бэлтгэж байгаа юм. Энэ хуулиар төрийн аль нэг байгууллага өөрсдөө мэдэж шинээр лиценз, зөвшөөрлийн төрөл бий болгохыг хориглож, зөвхөн хуульд өөрчлөлт оруулах замаар л нэн шаардлагатай зохицуулалт хийдэг болно. Төрийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаанд хяналт тавихдаа хуулиас давсан шаардлагууд бий болгож, энэ нь эргээд төрийн хяналтыг цаасан дээр л хэрэгждэг үр дүнгүй механизм болгож байгааг халах нь Шинэчлэлийн Засгийн газрын бизнесийн орчны шинэтгэлийн гол бодлого юм.

 

Энэ зорилгоор дээрх ажлын хэсэг 2013 оны 9-р сараас 2014 оны 1-р сар хүртэлх хугацаанд төрийн 54 байгууллагаас олгож байгаа нийт 914 зөвшөөрлийг хэлэлцээд 404-г хүчингүй болгох, 447-г хэвээр үлдээхсанал дэвшүүлж байна. Түүнчлэн, шийдвэрлэхэд хүндрэлтэй 63 зөвшөөрлийг олон түвшинд хэлэлцэж эцэслэхээр ажиллаж байгаа юм. Үр дүнд нь төрийн үйлчилгээний дарамт чирэгдэл буурч, бизнесийн ээлтэй орчин бий болно гэж ЗГХЭГ үзэж байна.

 5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ