НҮБ-ын ХАС-аас 594.1 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл өгөв
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас эх барихын эмнэлэгт нэн шаардлагатай эм болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ЭМЯ-нд өчигдөр хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагааны үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн маш том хөрөнгө оруулалтыг хийлээ. Төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын, хандивын байгууллагуудтай өргөн түншлэлийг хөгжүүлэх замаар эх, хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хамтран ажиллах зорилгод нийцсэн арга хэмжээ болж байна” гэсэн аж.
s
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар сум болохоор сонгогдсон 15 сумын Эрүүл мэндийн төвүүдэд доорхи зүйлсийг өгөх юм байна. Тодруулбал, эсэн мэнд амаржихуйн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай төрөх ор, мэс заслын болон эмэгтэйчүүдийн үзлэгийн гэрэл, кварцын гэрэл, чанд авианы аппарат, зүрхний бичлэгийн аппарат, нярайг дулаацуулагч, нярайн жин, отсос, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дуслын шахуурга, пульсоксиметр аппарат зэрэг 38 нэрийн, 9 нэр төрлийн НҮЭМ-ийн нэн шаардлагатай эм хэрэгсэл зэрэг 594.1 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна.
sa
Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд эрүүл эхээс, эрүүл хүүхэд төрнө гэсэн зорилт тавьж буй. Бидэнд тодорхой бэрхшээл байсаар байна. Хүүхдийн эндэгдлийг бууруулж байгаа боловч эрт нярай үедээ эндэх тохиолдол илүү байна. Тиймээс манай эмч мэргэжилтнүүд танай байгууллагаас хүлээлгэн өгч байгаа багаж, тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар нь үр дүнтэй ашиглан, хамгийн гол нь эх нярайд ая тухтай, үйлчлүүлэгчийн эрхийг дээдэлсэн орчин бүрдүүлэн ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна хэмээн Эрүүл мэндийн сайд онцолжээ.
sa
Дашрамд дуулгахад, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн өмнөх болоод одоогийн хамтын ажиллагааны үр дүнд Монголд “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслийн аюулгүй байдлын стратеги”-ийг хэрэгжүүлж буй. Энэ онд тус стратегийн хэрэгжилтийн эцсийн шатны үнэлгээ хийгдэх юм байна.
da
СЭТГЭГДЭЛ БИЧИХ