Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдрийг тэмдэглэв

img

Улс орнууд өөр өөрсдийнхөө бодлогын тэмдэглэж буй энэ өдрөөр БОНХЯ олон нийтэд “Агнасан бус амьд амьтнаараа бахархая” уриалгыг дахин хүргэж байна. 21 хоногийн өмнө БОНХЯ энэхүү уриалгыг олон нийтэд хүргэснийг хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл дэмжин “Агнасан бус амьд амьтнаараа бахархая” аяныг өрнүүлснээ өнөөдөр дүгнэн ярилцав.

d

Энэхүү мэдээллийг БОНХЯ, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, Хэвлэлийн Хүрээлэнгийн Ногоон хөгжил клуб хамтран өглөө. Аяны хүрээнд “Амьтны тухай хууль”-иар заасан агнаж болохгүй болон зөвшөөрөгдсөн ан амьтан, хууль зөрчвөл хүлээлгэх хариуцлага, агнуурын ан амьтныг агнах хугацаа, төлөх төлбөр, авах зөвшөөрлийн талаар олон нийтэд үе шаттайгаар мэдээллээ. Тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэлийн дараа олон нийт фэйсбүүк, твитерээр амьтныг агнах бус хамгаалах чиглэлийн мэдээллийг өөр хоорондоо солилцсон байна.

xs

Мөн Байгаль орчин ногоон хөгжлийн сайд 2014 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр агнуурын зарим амьтдыг агнах, түүхий эдийг түүж бэлтгэх, экспортлохыг  түр хугацаагаар хориглосон тушаал гаргажээ. Сүүлийн жилүүдэд шар үнэг, хярс үнэг, тарваганы тоо толгой багасч байна. Эдгээр амьтан нь бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг өсч үржихээс сэргийлдэг учраас тэднийг  биологийн аргаар зохицуулахын тулд шар үнэг, хярс үнэг, тарвага агнахыг хориглосон хугацааг  3 жилээр сунгалаа. Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатараймагт хууль бус агнуур буурахгүй байгаагийн улмаас тал хээрийн саарал чонын тоо толгой багасч байгаа юм. Тиймээс дээрх аймагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар чоно агнахыг 3 жилийн хугацаагаар хориглолоо.

s

Жил бүрийн 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 10 хүртэл байгалийн жамаар унасан халиун бугын ясан эврийг түүж, худалдахыг хуулиар зөвшөөрдөг байна. Гэхдээ 2014 оны хавар, зуны улирлын эхэн сард хуурайшилт их байх магадлалтай тул ой, ойт хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хаврын нөхцөлд амьтны байршлийг алдагдуулахгүй байх зорилгоор дээрх хугацаанд түүж, худалдахыг түр хязгаарласан юм.

da

Энэ өдөр зөвхөн амьтан бус ургамал, тэр дундаа ховордож буй ургамлыг хамгаалах, өсгөн үржүүлэх чиглэлээр хүн төрөлхтөн дуу хоолойгоо нэгтгэж байна. БОНХЯ “Эмийн чухал түүхий эд-байгалийн ургамлаа тарималжуулья” гэж иргэн, үйлдвэрлэгч нарт уриаллаа. Эмийн түүхий эд болдог ургамлыг байгалиас түүх бус өөрсдөө тарималжуулж эм үйлдвэрлэх нь тэдгээрийг устаж үгүй болох, нөөц нь багасахаас сэргийлэх тустай юм. БОНХЯ ч энэ бодлогыг илүү дэмжиж байгаа. Сайд дээрхи тушаалаараа барагшуны бага нөөцийг хамгаалах зорилгоор үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, түүхийгээр гадаад улсад экспортлохыг 5 жилийн турш хориглолоо. Барагшун үүсэн бүрэлдэх үйл явц нь хэдэн зуун жилээр үргэлжилдэг аж.

sa

“Агнасан бус амьд амьтнаараа бахархая” аян 21 хоногийн аянд нэгдэн олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэсэн хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, олон улсын байгууллагынхан цаашдаа ч амьтан, ургамлын хамгааллын чиглэлээр илүү идэвхтэй хамтран ажиллахаар болсон ажээ.

d

П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ