Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулна

img

 

Хангайн бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтарсан онол практикийн бага хурлыг  Орхон аймагт зохион байгуулжээ.  Уг хурлыг  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Орхон аймгийн  ИТХ  хамтран УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр явуулсан байна.  “Ухаалаг төр рүү шилжих санаачлагын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт уг бага хуралд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн  ИТХ-ын төлөөлөгч, хурлын байгууллагын ажлын албаны ажилтнууд зэрэг 170 гаруй хүн оролцжээ.    Онол практикийн бага хуралд оролцогсод ухаалаг төр рүү шилжих Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрх зүйн орчныг сайжруулах, ажлын үр өгөөж, арга хэлбэрийг өөрчлөн шинэчлэх чиглэлээр илтгэлүүд хэлэлцэн хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцсон байна.

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей онол практикийн бага хурлын нээлт дээр хэлсэн үгэндээ:

 

-Энэхүү арга хэмжээ  нь том төрөөс ухаалаг төр рүү шилжих Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2014 онд хийх  ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг. Ерөнхийлөгчийн санаачлагыг орон нутагт хэрхэн яаж ажил хэрэг болгох талаар санал бодлоо хуваалцаж хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг тодорхойлоход чиглэж байгаа хэмээжээ.

  Ухаалаг төр рүү шилжих санаачлагыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газар, төрийн байгууллагын бүтцийн тухай, Төрийн сонгогдсон болон зарим томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай, Монгол Улсын хөгжлийн зорилт хэрэгжилт, хяналтын тухай зэрэг хуулийн төслүүдийг батлан гаргахаар төлөвлөжээ. Зарим хуулиудаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.  Энэ дашрамд дурдахад орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг намын жагсаалтаар сонгох шаардлагатай эсэх асуудлыг эргэж харах нь зүйтэй гэж оролцогчид үзжээ.

 

Бага хурлын үеэр Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны төлөвшил, цаашдын чиг хандлага”, УИХ-ын гишүүн, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь”, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь”, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хяналтын чиг үүргийг нэмэгдүүлж, үр нөлөөг дээшлүүлэх нь сэдвээр илтгэл тавьсан байна.

Нутгийн удирдлагын байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломж, арга замын талаар ЗГХЭГ-ын референт Ш.Бямбаа, Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжав, Монголын баг, сумдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Сувдаа нар хариулт өгч, санал бодлоо хуваалцжээ.

5

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ