Засгийн газрын сайдууд орон нутаг ажиллаж байна

img

Засгийн газрын сайдуудын орон нутагт ажиллах томилолт дуусаагүй байна.  Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Завхан аймагт 10 хоногийн хугацаатай ажиллаж, Шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлыг олон нийтэд танилцуулан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хөвсгөл, Булган, Орхон аймагт ажиллаж, салбарын үйл ажиллагаа, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд тус аймгуудын хийж хэрэгжүүлж буй ажлуудтай танилцаж байгаа бол Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Ховд аймгийн битүү захын нээлт болон мөсний баярт оролцсон байна. Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Орхон аймгийн НХҮХ-ийн барилга болон ажиллагсдын орон сууцны нээлт, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн НХҮХ-ийн барилгын шав тавих ёслолд, Эрчим хүчний сайд М.Сономпил Увс аймгийн Тэс сумын 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын дэд станцын нээлтэд тус тус оролцоод иржээ.

4

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 26-ны лхагва гаригт Орхон аймагт ажиллaн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгчидтэй санал солилцон, нутгийн удирдлагуудын хамт телевизийн уулзалт, ярилцлагад оролцлоо. Мөн тухайн өдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнханбилэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Ганцмодны боомтод ажиллалаа. Хилийн боомтын шинэчлэлийг Монгол, Хятад хоёр улсын гадаад худалдааны гол хаалга болсон Гашуунсухайт-Ганцмодны боомтоос эхэлж байгааг Үндэсний зөвлөлийн дарга Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг онцоллоо. Тус боомт нь 4 дүгээр сарын 1-нээс шинэ зохицуулалтаар ажиллах бөгөөд өдгөө бүртгэл, хяналт, шалгалтын шат дамжлагыг цөөлж, өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчлахад чиглэсэн энэ шинэчлэлийг маш богино хугацааны дотор хийж байгаа аж.

5

Үүнээс гадна өмнөд хилийн боомтод дэд бүтцийн том бүтээн байгуулалт хийгдэж байна. Уурхайнуудаас боомт хүртэл хатуу хучилттай автозамууд тавьсан бол одоо боомт хооронд ачаа тээврийн төмөр зам барьж эхлээд байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнханбилэг Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ холбогдох байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай ярилцаад Хятадын талтай дөрвөн чиглэлээр зөвшилцөх нь зүйтэй гэж үзээд боомтын асуудлаар Хятадын талын холбогдох албаныхантай зөвшилцсөн юм.

5

Уулзалтад ГЕГ-ын дарга О.Ганбат, МХЕГ-ын дарга Д.Батмөнх, Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Б.Алтанхүү, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолун зэрэг албаныхан болон Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн ерөнхий захирал Я.Батсуурь, Энержи ресурс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал, гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, орон нутгийн Тавантолгой ХК-ийн захирал Р.Сэддорж, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн дэд дарга Д.Даваадорж нар энэ боомтоор нүүрс, зэсийн баяжмал экспортолдог гол дөрвөн компанийг төлөөлөн байлцлаа. Хятадын талаас ч мөн төр, хувийн хэвшлийн олон шатны төлөөлөл уулзалтад оролцсон юм.

6

Уулзалтын үеэр Монголын талаас тавьсан дөрвөн чиглэлээрх саналын заримыг газар дээрх нь шийдвэрлэж, харилцан тохиролцоонд хүрчээ.  Хятадын тал Ганцмодны боомтынхоо ажиллах хуваарьт өөрчлөлт оруулж, цайны цагийг халж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлаа нэмж, хоёр боомтын “цахимжсан” хамтын ажиллагааг санал нэгтэй дэмжсэн аж. Харин 24 цагаар тасралтгүй ажиллах, төлбөр хураамжийг хасах зэрэг асуудлыг Засгийн газрын түвшинд ярилцаж, тодорхой шийдвэр гаргуулахаа ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Сүн Видун мэдэгдлээ. Түүнчлэн, Монголын талаас авах нүүрс төлөвлөснөөр бага байгаа тул импортын хэмжээг нэмэгдүүлэх, Монголоос импортолдог нүүрс бусад орныхоос харьцангуй өндөр үнэтэй байдаг тул тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулахад дэмжлэг үзүүлэхийг Монголын талаас хүссэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ