Х.Амгаланбаатар: Хаврын компанит ажлыг синдром гэж битгий ойлгоорой
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо/МҮЭХ/-оос энэ хаврын компанит ажлаа “Хөгжил-Эв нэгдэл” уриан зохион байгуулах талаараа өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Ирэх 5 дугаар сарын 15-ыг хүртэл явагдах хаврын ажлын хүрээнд хөдөлмөр, нийгмийн 3 талт хэлэлцээрээр боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх талаар Засгийн газарт санал тавьжээ.
Мөн дээрх компанит ажлын үеэр хөдөлмөрийн хөлснөөс доош цалин олгож байгаа асуудлыг шалгах бөгөөд цалин хөлстэй холбоотой санал гомдлыг 70119989, 18001292 утсаар хүлээн авч, шийдэх аж. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Бидний хаврын компанит ажлыг синдром гэж битгий ойлгоорой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй цалинг олгох зөрчил хөдөө орон нутагт их гардаг. Бид энэ талаар судалгаа явуулж, холбогдох арга хэмжээг авах болно” гэлээ. Мөн тэрбээр “Сая Засгийн газар тэтгэвэр нэмэхдээ 3 талт хэлэлцээрээр шийдэх байсан ч үүнийг хэрэгжүүлэлгүй дур мэдэн шийдсэн. Тэтгэвэрийн нэмэгдлийн асуудалд ахмадууд сэтгэл дундуур байгаа” хэмээв. Түүнчлэн зарим газрууд ажилчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж ҮЭ байгуулахад хориг саад хийдэг тул үүнтэй тэмцэхээ МҮЭХ хэлсэн юм. Энэ хавар ШӨХТГ-тай хамтран цалин нэмэгдэх сургаар бараа бүтээгдэхүүний үнийг нэмдэг газруудтай тэмцэж, нийгмийн энэ гаж хандлагыг таслан зогсоох талаар ажиллах аж.
Дашрамд дурдахад МҮЭХ-оос уул уурхай, эрчим хүчний салбарын сарын цалингийн доод хэмжээг 384 мянган төгрөг, барилгын салбарын цалингийн доод хэмжээг 350 мянган төгрөг болгох чиглэлээр ажиллаж буй юм байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ