Хими цэвэрлэгээний газруудыг журам мөрдөж ажиллахыг анхааруулав
Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журамд хими цэвэрлэгээтэй холбоотойгоор үйлчлүүлэгчид хохирсон асуудлыг зохицуулах зүйл заалт оржээ. Тодруулбал, дээрх журмын 5.2.5-д “Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр төлбөртэй нэмэлт ажил хийсэн тохиолдолд нэмэлт төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй” гэж тусгасан байна. Мөн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс 5.2.6-д “Ажил үйлчилгээнд хэрэглэж байгаа эд материалын онцлог чанарыг мэдэхгүйгээс учруулсан хохирлыг гүйцэтгэгч бүрэн хариуцна” гэсэн заалтыг оруулжээ.
Үүнийг ”Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас нийслэлийн 6 дүүрэгт явуулсан судалгаагаар илрүүлсэн нийтлэг зөрчил дутагдлыг харгалзан оруулсан байна. Тиймээс энэ сарын 1-нээс эхлэн дээрх журмыг мөрдөж ажиллах талаар хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд анхаарууллаа.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар салбар нэгж олонтой, томоохон 9 хими цэвэрлэгээний газар үйл ажиллагаа явуулдаг байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ