Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар хэлэлцлээ
Манай улс өнөөгийн тэтгэврийн сангийн тогтолцоогоор цаашдаа удаан явбал маш их хэмжээний алдагдал хүлээхээр байгаа. Иймээс өнөөдөр үйлчилж байгаа эв санааны нэгдлийн зарчмаар явж буй энэ тогтолцоог өөрчлөх талаар ХАХНХЯ, НДЕГ-аас “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлууд” уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Дэлхийн банкны төлөөлөгчид ирж манай улсын тэтгэврийн тогтолцооны талаар хийсэн дүн шинжилгээ болон шинэчлэлийн талаарх бодлогын хувилбаруудыг танилцуулсан юм.
4
Өнөөдрийн хэрэгжиж буй цуглуулсан шимтгэлээрээ тэтгэвэрээ өгдөг тогтолцоо 1995 оноос хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар тэтгэврийн сангийн алдагдал ДНБ-ийн 2 хувьтай тэнцэж байгаа. Хэрвээ цаашид энэ хэвээрээ явбал 2030 он гэхэд дээрх алдагдал ДНБ-ийн 7 хувь, 2040 он гэхэд 10 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. Тодруулбал, ирээдүйд хүн амын насны бүтцэд өөрчлөлт орж, тэтгэвэр авах хүний тоо олширч, хөдөлмөрийн насны хүний тоо одоогийхоос буурах төлөвтэй байгаа. Иймээс одоогийн тэтгэврийн сангийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад буйг тус салбарынхан хэлж байна. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах болон олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэхээр болсон. Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус секторт ажиллагсдад зориулж тэтгэврийн даатгалын тусгай сан, хөтөлбөрийг бий болгох, ирээдүнй тэтгэврийн нөөц санг байгуулах зэрэг ажлыг төлөвлөжээ. Салбарын яамны баримтлаж буй бодлогоор энэ ондоо багтааж тэтгэврийн даатгалын шинэчлэлийн хуулийн төслийг УИХ-д өргөн барих зорилт тавьжээ.
5
Харин тэтгэврийг цаашид нэмэгдүүлэх боломжийн талаар НДЕГ-ын дарга Ц.Уртнасан “Дэлхийн нийтийн хандлага бол 67-гоос дээш насандаа тэтгэвэрт гардаг. Үүнээс гадна тэтгэврийн даатгалын сангийн зарлагыг нэмэгдүүлж буй бас нэг асуудал нь олон хүүхэд төрүүлсэн, хортой нөхцөлд болон урлагийн байгууллагуудад 20-25 жил ажилласан гэсэн нөхцлүүдээр эрт тэтгэвэрт гарч буй тогтолцоо нь эргээд бага тэтгэвэр авахад нөлөөлдөг. Тиймээс бид сайн өндөр тэтгэвэр авъя гэвэл тэтгэврийн насыг нэмэх, дээр дурдсан нөхцлүүдээр тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн ажиллах жилийг уртасгах шаардлага тулгарч байна. Түүнчлэн уул уурхайгаас орох орлогын тодорхой хэсгийг тэтгэврийн даатгалын санд хуримтлуулах, сангийн хөрөнгийг үр ашигтай замаар өсгөх шаардлага тулгараад байна” гэлээ.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ