Сайншандын чиглэлд автомашин нэвтрүүлэхгүй
Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Үүнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Тодруулбал, Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд суудлын автомашин, 5 тонноос доош даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн хязгаарласан тул нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод мэдэгдэж тухайн чиглэлийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүйгээр хязгаарлажээ. Түүнчлэн Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, дөрөвдүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун турууны товчоодын долоон цэгт холбогдох газрууд шалгалтыг явуулж байгаа. Тэд 2149 тээврийн хэрэгсэл, 4790 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 1011 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх дөрөвдүгээр зөрлөг, Яармагийн постуудад 1828 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ. Голомтын бус бүсээс 7 толгой адуу, 7.605 тн үхрийн мах, 27.593 тн хонины мах, 3.1 тн адууны мах, 5.5 тн ямааны мах, 5401 ширхэг үхрийн шир, 127214 ширхэг хонины нэхий, 537503 ширхэг ямааны арьс, 1801 ширхэг адууны шир, 230 ширхэг тэмээний шир, 1400 литр сүү, 2 тн хонины ноос, 5 тн дэл сүүл, 14.5 тн малын толгой гэдэс илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.
Баруун турууны товчоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сумаас гурван адуу, 28 ямаа, 29 хонь, мөн Эрдэнэтээс 3 адуу тус тус тээвэрлэж ирснийг шалгажээ. Шалгалтаар мал эмнэлэг, ариун цэврийн гарал гэрчилгээгүй байсан тул буцааж, нэг иргэнд 20000 төгрөгийн торгууль тавьж барагдуулан, хяналт тавин ажиллаж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ