Хонгор нутагт өдөртөө -40 хэм хүрдэг ч малчид өвлийг өнтэй давжээ
Жавартай, урьтай Хонгор нутгаар аялсан аян замын тэмдэглэл цуврал II-ийг уншигч таньд хүргэж байна.
4
Заг сумыг зорьсон нь
5
“Шинэ сум” төсөлтэй танилцаж, “Шинэ малчин-Шинэ хөдөө” хэлэлцүүлгийн дараа энэ өдрийн ажил дууссан. Маргааш “ҮХААЯ-ны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-д оролцохоор ирсэн аймаг сумдын төлөөлөл “Шинэ сум”-тай танилцах арга хэмжээг сурвалжлана. Тэгээд Бөмбөгөр суманд байх сайн малчны гэрт зочлоод, дараа нь аймгийн төвд очиж хононо гэж зохион байгуулагчид хэлж байв. Тэгтэл УИХ-ын гишүүн Д.Ганбат Заг, Гурванбулаг, Бөмбөгөр суманд ажиллана, цөөн хэдэн сэтгүүлч авч явах гэнэ хамт явах хүн байна уу гэлээ. Хамгийн гол нь Гурван булаг сум нь Баянхонгор аймгийн хамгийн хүйтэн сум, зун хөвөнтэй дээлтэй зогсохгүй бол даардаг тийм л хүйтэн нутаг гэдэг нь сонирхол татав. Нөгөө талаар хэдэн зуун км-ийн алсад ирсэн надад шинэ сонин, сонирхолтой бүхнийг үзэж харж, аяны богцоо дүүргэх нь бас нэг боломж гэж бодогдсон юм. Ингээд 18 цагийн үед УИХ-ын гишүүн Д.Ганбат, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, Баянхонгор таймс сонины эрхлэгч Д.Баттдамба, тус аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Б.Оюутболд, холбоо мэдээллийн инженер ахмад Г.Мөнгөнсүх болон Монгол ТВ, Улс төрийн тойм, Өдрийн сонин, аймгийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлч нөхдийн хамт замд гарлаа.
4
Улстөрийн тойм сонины сэтгүүлч бид хоёрын суусан жийп нь аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын машин байж таарав. Бидний очиж хонох Заг сум нь Бууцагаан сумаас 100 гаран км –ийн зайтай аж. Замдаа Баянхонгор аймгийн түүх дурсгал, соёлын өвийн гайхамшиг болсон хүн анх үүссэн гэх Цагаан хадны агуй, Их эзэн Чингисийн цэрэг буудаллаж байсан Хүрэн бэлчир, Ламын гэгээний хийд зэрэг олон сайхан зүйлсийг мэдэж авав.
Хөдөөгийн зам салаа, уулзвар ихтэй. Яг зөв замаа олно гэдэг жолоочийн ур чадвар мэдрэмж, шаардсан ажил юм билээ. Бүрий болохтой зэрэгцэн арын хоёр машинтайгаа богино долгионоор холбогдож, зөв буруу замаар явж байгаа эсэхээ ярилцаж явав. Цагдаагийн алба гэдэг цаг наргүй, сум орон нутгаар их аялдаг. Тиймдээ ч алс замд буруу зөрүү замаар явахгүйн тулд хэвлэлийн ажилтан маань гар утсандаа GPS суулгасан гэнэ. Ингэснээр замаасаа гарна, төөрнө гэсэн ойлголт үгүй. Жолооч ахлагч Б.Болдбаатар ах маань ч замд яваад сурчихсан юм билээ.
Сумын төвд “Валентин” тэмдэглэв
6
Бид явсаар 22 цагийн орчим Заг суманд очив. Заг сумын удирдлагууд биднийг хүлээн авч уулзаад хэсэг хугацааны дараа халуун цай, хоол ид хэмээн нэгэн жижиг байшинд оруулав. Сумын захиргаанаас холгуй байх уг байшинг галлаад удаагүй байгаа бололтой жавар нь арилаагүй. Бид хэд уур савсуулан цай ууж суутал төмстэй будаатай нь хуурга ирэв. Нэг захаас нь идэж байхад нөгөө талаас нь царцаж байсан ч хээрийн улс хээгүй хэмээн хоолоо идэж дуусгалаа. Тэгтэл сумын соёлын төвд өнөөдөр “Валентины баяр”-ын бүжигтэй залуучууд тэнд очоорой гэв. Сургуулийн дотуур байранд биднийг байрлуулж, ачаа тээшээ янзлаад сумын соёлын төвийг зорилоо.
Хоёрдугаар сарын 14-нийг дэлхийн улс орнуудад гэгээн хайрын өдөр хэмээн тэмдэглэдэг. Манай монгоүлчууд ч сүүлийн жилүүдэд өргөн тэмдэглэх болсон билээ. Бид харин энэ удаад сумын залуустай валентин тэмдэглэв. Нийтийн бүжиг голдуу эгшиглэж, хос залуус баруун зүүнгүй эргэлдэн бүжнэ. Хааяхан орчин үеийн хөнгөн хэмнэлтэй ая эгшиглэж, суудал дээр суух хүнгүй цөм босч бүжиглэцээж байв. Тэгтэл хөтлөгч “Гэгээн хайрын энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдөр хосууддаа зориулсан тэмцээн зохиож, ялагчдыг хайрын билэгдэл болсон шоколад бэлэглэнэ. Эхлээд эрэгтэйчүүд нь гараад ир гээд 7 хос гаргаад таалагдсан эмэгтэйгээ юм уу хайртай хүнээ уриад ир гэлээ. Тэмцээнд оролцох хосууд дунд манай багаас ч нэг хос гарав. Эхний тэмцээн хайртай хүндээ сэтгэлээ илчилсэн шүлэг зохиож, түүнийгээ этюдээр үзүүлэх байв. Дараа нь хосууд дээс эргүүлж нийлбэр дүнгээр ялагчийг тодруулав. Хамгийн сүүлд нь хосууд хослон дуулж, үзэгчдийн үнэлэлтээр ялагчийг тодруулсан юм. Тэмцээнд гурван хос тунаж, манай хоёр II байранд оров. Ийнхүү хайрын шоколадтай болсон бид дотуур байрандаа ирж амрав.
Өглөө нүүр гараа угаах зуур доуур байрны үйлчлэгч эмээтэй ярилцав. Эмээг Чагнаагийн Алтанцэцэг гэдэг аж. Заг сумын уугуул. Дотуур байрны үйлчлэгч хийгээд есөн жил болсон гэнэ. Эмээгийн зөөлөн ааш, сэтгэл гаргасан үйлчилгээний ачаар аянчин бид халуун усаа толгойгоо угаах аз тохиосон. Эмээ энэ үеэр гэр орноосоо хол байгаа хүүхдүүдийн ая эвийг олж, ээж шиг нь сэтгэлээр хандахгүй бол болохгүй шүү дээ. Хүүхдүүд хөөрхөөн” гэж байсан юм. Ийнхүү бид ачаагаа аваад сумын цэцэрлэгт цуглах болов.
Бидний очсон цэцэрлэг хоёр давхар орчин үеийн шинэхэн барилгуудын адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих хэсгийг хийснээс гадна дотроо ч тохитой, дулаахан ажээ. Уг цэцэрлэгийг бариулахын тулд сумын Засаг дарга багагүй хүч хөдөлмөр гаргасан гэдгээ хэлсэн бөгөөд ашиглалтад ороод хоёр жилийн нүүр үзэж байгаа гэж байв.
5
Заг сум 32 жилийн дараа сайн малчинтай болжээ
6
Өглөөний цайгаа ууцгаасан бид Заг сумын дэлгүүрээс ундаа, усаа авахаар ороход “Долоо хоног бүрийн даваа гаригт архи худалдахгүй” бичиг их содон харагдаж байв.

Уулын бэлд гурван гэрээр айлсан өвөлжиж буй Ж.Баттулгынх гаднаа нарны зай хураагуур, сансарын антенн, мотоуцикл, фургонтой. Тэрбээр наймдугаар ангиа төгсөөд 1992 оноос мал малласан гэнэ. Энэ онд 1300 толгой мал тоолуулснаар Улсын сайн малчин болсон ажээ.
УИХ-ын Д.Ганбат энэ үеэр “УИХ-ын чуулган завсарласан тул тойрогтоо ажиллаад 3-4 хонож байна. Сайн малчин Ж.Баттулгынд ирлээ. Заг сумын хувьд сүүлийн 32 жилд Улсын сайн малчин төрөөгүй байсан юм. Хөдөө орон нутагт ажиллаж амьдарвал мал маллаад сайхан амьдарч болно. Төр засаг нь үнэлдэг юм аа гэсэн баталгаа боллоо” хэмээн өгүүлсэн юм. Ж.Баттулга аав ээжийнхээ өмч хувьчлалаар авсан 50-60 малыг нь өсгөж үржүүлсээр өнөөдрийг хүрсэн ажээ.

Биднийг замд гарахын өмнө Ж.Баттулгын охин 3 настай Хүслэн бидэнд аян замыг минь мялаалга болгон “Миний хэнз хурга” шүлгийг уншиж өгсөн билээ.
5
Жипны тосол тас хөлдсөн Гурванбулаг сум
5
Заг сумын удирдлагууд биднийг Гурванбулаг сумын захад дөхүүлж өгөхөд хээр тал бүхэлдээ цасан нөмрөг хучсан мэт хаашаа л харна цасан цагаан. Гурванбулаг суманд хүйтний эрч чангарна, сайн дулаалаарай гэсээр үлдэж, бид цааш хөдлөв. Замд маниул нь зоолттой 69 маркийн автомашин эзэнгүй орхигдсон байсан нь Гурванбулаг сумын Засаг даргын машин царцаад зогссон нь тэр аж. Бид явсаар зорьсон газраа ирлээ. Гурванбулаг сумаас холгүй адуучин залуус 2000 орчим адуу манаж, отор хийж байгаа газар аж. Аймгийн Цагдаагийн газраас санаачилж буй “Адуучин” тэмцээнд сумдаас ирсэн адуучин залуус оролцон хүрд хүч, авъяас чадвар, тэсвэр тэвчээрээ шалгав. Тэсвэр тэвчээрийн шалгуур гэдэг нь гадаа -40 хэмийн хүйтэнд адуучин залуус уурга шүүрч, морь уургалж, эмнэг сургав. Урьд шөнө нь Гурванбулаг суманд жип машины тосол тас хөлдөөд хоносон гээд бодохоор шөнөдөө -50 хэм орчим хүрсэн бололтой гэж нутгийн иргэд хэлж байсан юм.

Аймгийн Цагдаагийн газрын малын хулгайтай тэмцэх шилдэг “ШБОС”-ын хувьд Гурванбулаг суманд айлуудын адууг залуус бүлэг болон отроор малладаг болсон гэнэ. Нэг адууг 10-15 мянган төгрөгөөр тооцон зургаан сарын турш харж хамгаалдаг бөгөөд хавар гурван сард эзэнд нь хүлээлгэн өгдөг. Адууг маллахдаа бэлчээр тахлахгүй, хүн малын хөлөөс зайдуу оторлуулдаг гэнэ. Өмнө нь Гурванбулаг болон Жаргалант суманд малын хулгай ихээр гарч, адууг азарга азаргаар нь аваад явчихдаг байсан аж. Харин отороор адуу малласан цагаас малын хулгайн гаралт буурсан гэнэ.
5
Баянхонгор аймгийн Цагдаагийн газар Малын хулгайтай тэмцэх тасаг байгуулж, төсөв мөнгийг нь шийдсэн. Ер нь малын хулгай хийсэн хүн хамгаалагчтай буюу шүүх хяналтын байгууллагаар явахаар өмгөөлөгч аваад ял нь хөнгөн тусдаг. Гэтэл малаа алдсан малчин өмгөөлөгчгүйгээс хохироод үлдэж байна. Тиймээс малчдаа хамгаалах тал дээр анхаарч байна. Хуучин малын хулгай илэрдэггүй байсан одоо малын тулгайтай тэмцэх ажлаа эрчимжүүлж, малчид нэгдсэн. Аймгийн төвд мах худалдаалах цэгүүдтэй хамтран ажиллаж байна. Малчдын хараа хяналт сайжирсан. Ер нь малын хулгайч хаяанаасаа хадардаг гэж үздэг. Тиймээс малын хулгай хийх магадлалтай иргэдийн хөдөлгөөнийг хянах ажлыг хийж эхэлсэн хэмээн аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн хэлж байлаа.
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд “Мал сүрэг төрийн хамгаалалтаад байна гэж хуульчилж өгсөн. Тиймээс төрийн хамгаалалтад байгаа малыг яаж аюулгүй зөв хамгаалах вэ хэмээн анхаарч ажилласан. Мөн аймгийн Цагдаагийн газраас санаачлан морин эргүүл ажиллуулж эхэлснээр гэмт хэргийн болоод малын хулгай илт буурсан. Өнгөрсөн онд зургаан сумыг камержуулах ажлыг хийсэн. Гурванбулаг суманд “Адуучин” тэмцээн зохион байгуулж байгааг харж байна. Өмнө нь Гурванбулаг Баянбулаг, Хүрээмандал, Заг сумдын адууг азарга азаргаар нь хулгайлах явдал тасардаггүй байсан. Малчид баг багаараа нэгдээд отроор малласнаар хулгай буурч байна. Гурванбулаг суманд нэг ч малын хулгай гараагүй тул малчин залуусаа урамшуулан “Адуучин” тэмцээнийг зохион байгуулж байна” гэлээ.
5

Адуучин тэмцээний зургийг авна гэдэг үнэхээр тэвчээр шалгасан ажил байсан ч өвлийн морин уралдаанд оролцохоор ирсэн хөдөөний өлчир хүүхдүүдийг хараад тэвчсэн. Хүүхдүүд “Морь унаад уралдах нь сайхан. Өвөл уралдахад даардаггүй юм. Үстэй дээл, хар багтай уралдаад сурчихсан. Хамгаалалтын хувцас өмсдөггүй. Мориноосоо унахгүй тулд сайн тогтож, тэнцвэрээ алдахүй уралдахыг л хичээдэг” гэж байв.
5

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хүүхэд байтугай том хүн удаан зогсох аргагүй дэндүү хүйтэн байна. Энэ хүйтэнд морин уралдаан зохион байгуулах ер нь дэмий асуудал байна. Энэ жилдээ яах ч аргаүй бололтой. Ирэх жил аймгийн Засаг дарыгн захирамж гаргаж, өвлийн морин уралдааныг зохион байгуулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй” гэдгийг холбогдох албаныханд хэлж байсан юм.
Гурванбулаг суманд зохиогдсон “Адуучин” тэмцээн 15 цагийн үед өндөрлөж, ялагчийг тодруулах үеэр бээлийтэй хурууны үзүүр час хийж, хүйтний эрч улам чангарч байлаа.
5
Баянхонгор таймс сонины эрхлэгч Д.Баттдамба эгчийн хувьд Малыг гэмт халдлагаас сэргийлэх нийгэмлэг болон Улаан загалмай нийгэмлэгийн Баянхонгор дахь салбарыг тэргүүлдэг ажээ. Тиймээс энэ үеэр өвлийн морин уралдаанд оролцох хүүхдүүдэд Улаан загалмайн нийгэмлэгийг төлөөлөн дулаан хослол бэлэглэсэн юм.




ҮХАА-н салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөв
6
Бүтэн сайн өдрийн өглөө ҮХАА-ын салбарын Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаж, яамны болон холбогдох агентлагийн мэргэжилтэн, орон нутгаас ирсэн удирдах ажилтан, мэргэжилтэн 150 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр салбарын бодлого, зорилтын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан илтгэл тавьж, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын 2014 оны тэргүүлэх зорилтыг хэлэлцэж санал нэгтэйгээр баталсан. Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг орон нутагтаа сайн сурталчилж, салбарынхаа 2014 оны ажилд урьд урьдынхаас илүү их амжилт гаргаж, дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаануудыг орон нутагт бүтээлчээр хэрэгжүүлж ажиллахыг оролцогчдод үүрэг болгов. Зөвлөгөөний үеэр аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газруудын 2013 оны ажлын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний дүнгээр эхний байр эзэлсэн Ховд, Баянхонгор, Дархан-Уул, Хэнтий аймгуудын ХХААЖДҮГ-ын хамт олонг шагнаж урамшуулав.
ычй
Энэхүү арга хэмжээний дараа хэвлэлийнхэн маань Баянлиг сумыг зорьсон юм. Тус суманд очиж хоноод бүтээн байгуулалт өрнөж буй “Шинэ сум” төсөлтэй танилцаж, 1000 тэмээтэй Монгол Улсын Гавъяат малчинЦ.Шинэн гуайнд зочилно. Дараа нь хот руу буцна гэж зохион байгуулагчид хэлсэн юм. Аян замд саадгүй явсаар Баянлиг суманд хүрсэн ч дарга даамалгүй хэдэн сэтгүүлчид түрүүлж очсон бид сумын удирдлагуудтай үл ойлголцол “Явцгаа” хэмээн хөөгдөхдөө хүрч, "Шинэхэн халадаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ тавиарай" гэдгээс огт өөр дүр зурагтай аялал маань үргэлжилсэн юм.
5
Өмнөх хэсгийг энд дарж уншина уу
6
Үргэлжлэл бий...
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ