Өргөмжит консулуудтай уулзав
Монгол Улсад суугаа гадаадын өргөмжит консулуудын уулзалт өнөөдөр ГХЯ-д болов. Тус уулзалтад 32 улс орны төлөөллөөс 24 өргөмжит консул оролцсон бөгөөд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр “Монгол Улсын 2013 оны гадаад харилцааны бодлогын хэрэгжилтийн дүгнэлт, 2014 оны гадаад харилцааны бодлого”, Консулын газрын захирал Ш.Сүхбаатар “Консулын газрын өнөөгийн үйл ажиллагаа” сэдвээр тус тус мэдээлэл хийв. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Болд өргөмжит консулуудыг хүлээн авч уулзан хүндэтгэлийн өдрийн зоог барьсан байна. Монгол Улсад хараахан ЭСЯ-аа нээж амжаагүй байгаа гадаадын улс орныг төлөөлөн суугаа өргөмжит консулууд Монгол Улсыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт, жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, төлөөлөн буй орныхоо талаар манай иргэдэд илүү ихийг танин мэдүүлж, хоёр талын найрсаг харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд ГХЯ-тай цаашид нягт хамтран ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлж байв. Уулзалтын төгсгөлд өргөмжит консулууд тус холбооныхоо тэргүүнээр Тайланд Улсыг төлөөлөн ажиллаж буй өргөмжит консул Л.Лхагвааг санал нэгтэй сонгосон байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ