Багануурын сурагчид хоёр ээлжээр хичээллэдэг боллоо
Багануур дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо. Нийслэлээс 100 гаруй км-т орших тус дүүрэг 27000 хүн амтай, хоёрхон дунд сургуультай аж. Хүн ам өсөхийн хэрээр сургууль цэцэрлэгийн ачаалал ихэсч, уг хоёр сургуульд 5000 гаруй сурагчид гурван ээлжээр хичээллэдэг байна.
Шинэ сургуультай болсноор сургуулийн ачаалал 2 дахин буурч, хоёр ээлжээр хичээллэх боломжтой болж байна. Гэсэн хэдий ч ирэх хичээлийн жилд хүүхдийн тоо өсч урьдын хэмжээнд ачаалал өндөрсөнө гэдгийг сургуулийн захирал онцолж байлаа. Учир нь шинэ сургуульд Гүнгалуутайн цогцолбор сургуулиас 21 бүлгийн 645 хүүхэд, 28 багш шилжин ирж ажиллаж байгаа юм байна.
Шинэ сургуулийн нээлтэд БШУ-ны сайд Л.Гантөмөр болон дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Геверс нарын албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр Л.Гантөмөр сайд “Энэ сургууль хамгийн сүүлийн үеийн технологиор баригдсан. Орон зайг маш сайн төлөвлөж чадсан учраас анги танхим нь суруулхан цаашдаа лаборатори болж хөгжих боломж бүрдсэн байна. Мөн спорт заал нь олон улсын шаардлагад нийцэж байна. Сургууль гэхээр хүүхэд суулгадаг ангийг л онцлоод байдаг. Тэгвэл энэ сургуульд багшийн хөгжлийн кабинеттэй мөн коридор бусад орон зайд хүүхэд чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой болсноороо үнэхээр сайн шийдэл болсон” гэж байлаа.
Хамгийн сүүлийн үеийн стандартаар баригдсан тус сургуулийн спорт заал, хөгжмийн танхим гэх мэтчилэн жижиг гэлтгүй бүх зүйлийг урьдаар сайн тооцоолж барьжээ. Тухайлбал цонхны зохион байгуулалтыг хийхдээ хана дагуу томоор хийж өгсөн нь анги танхимыг дулаан, тохилог болгоод зогсохгүй эрчим хүчийг ч хэмнэжээ.
Тус сургуулийн барилгын ажлыг дэлхийн банкны санхүүжилтээр 2011 онд эхлүүлсэн ч хөрөнгө мөнгө саатаж барилгын ажил он дамжаад байсан. Харин 2013 онд БШУЯ-аас энэ асуудлыг шийдвэрлэж 900 гаруй сая төгрөгийг төсвийн мөнгөнөөс гаргаснаар сургуулийн барилга бүрэн ашиглалтад орж байгаа энэ аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ