Жавартай, урьтай Хонгор нутаг
Түм түжигнэж бум бужигнасан их хотын хөл хөдөлгөөнөөс хэдэн өдөр холдож, хөдөөгийн иргэдийн амьдрал, малчны хотонд очиж сурвалжлага хийнэ гэдэг өдөр бүр тохиолдохгүй завшаан. Тиймээс ч ҮХААЯ-наас өнгөрөгч долоо хоногт сэтгүүлчдийг Баянхонгор аймаг руу томилолтоор авч яван Бууцагаан, Баянлиг сумдад хэрэгжиж буй “Шинэ сум” төслийн явцтай танилцуулж, 1000 тэмээтэй айлаар зочлуулна гэсэн зарыг дуртаяа хүлээн авсан юм.
өб
Замын энхэл донхолыг мэдэрсэн нь
өб
Томилолт маань пүрэв гаригийн өглөөний 08 цагт Баянгол зочид буудлын гадна цуглахаас эхлэв. Суманд зочид буудал олдохгүй цэцэрлэг юмуу сургуулийн дотуур байранд байрлана, мишокоо аваарай гэж зохион байгуулагчид сануулсаны дагуу бэлтгэлээ хангасан хэвлэлийнхэн маань унаандаа сууцгааж, Баянхонгор аймгийн зүг хүлгийн жолоо заллаа. Хүрэх газар хол, туулах зам саадгүй ч сонгож суусан “Естана” маркийн микроны маань явдал суудал жаахан хатуу байж таараад Өвөрхангай хүрэх замын энхэл донхолыг чамгүй сайн мэдэрч, арын суудалд ойж бууж явсаар үдээс хойш 14 цагийн үед Арвайхээр хотод хүрэв. Арвайхээрийн нэгэн ресторанд хамт яваа албаныхан болоод хэвлэлийнхэнтэй өдрийн хоолоо идээд цааш хөдөллөө. Баянхонгор аймгийн төвд очоод машинуудынхаа түлшийг нэмээд Бууцагаан суманд шууд очино. Тэндээ хоноод маргааш өглөө “Шинэ сум”-тай танилцана гэдгийг албаныхан хэлж байв.
ыб
Цэцэрлэгийн багачуудын хоёр дахь гэрт зочлов
өб
Шөнийн 22 цагийн орчимд зорьсон газраа очвол гэрэлтүүлэг чимэглэл бүхий эмх цэгцтэй гоёмсог хэдэн байшин гадаа сүндэрлэж угтлаа. Тэр бол 870 гаруй км-ийг туулж, үзэхийг зорьсон “Шинэ сум”-ын төвийн шөнийн дүр зураг ажээ. Төслийн ажилтай маргааш албан ёсоор танилцуулна эртхэн байрлаж, унтаж амарцгаа хэмээн сумын удирдлагууд хэлсэн тул албаныхан болоод хэвлэлийнхэн тус тусын байр луу явцгаав. Сэтгүүлч, зураглаачдыг Бууцагаан сумын ганц цэцэрлэгт байрлууллаа. Ачаагаа буулгачихаад хоолоо идээрэй. Цэцэрлэгийн хамт олон хоол бэлдсэн гэдгээ хэлж байв. Хагас өдөр шахам замд яваад ядарсан ч зорьсон ажил дөнгөж эхэлж байгаа тул урамтай байлаа. Гараа угаачихаад багш нарын заасан өрөө рүү орлоо. Уртаашаа зассан ширээнүүд жаахан хүүхдийн олон сандал эгнүүлэн тавьсан өрөө байв. “Гэрэл” цэцэрлэгийн хамт олон биднийг амттай сайхан хоол цайгаар дайлж, ширээндээ томдсон бидний хэдэн нөхөд дуу шуутайхан хооллоцгоолоо. Цаг хэдийнээ 00 цаг өнгөрсөн тул унтаж амарцгаах болов. Цэцэрлэгийн багш, ажилчид “Шөнөдөө сэрүүхэн шүү. Мишокондоо ороод унтаарай. Хөнжил аваад хучаарай, доороосоо жиндэнэ гудас давхарлаарай” хэмээн халамж анхаарал тавьж, хэвлэлийнхэн маань ч амрахаар хэвтэцгээлээ. Аян замдаа алжаасных уу нүдээ аниад нээсэн мэт нэг л мэдэхэд өглөөний наран мандаж, шинэ өдөр эхэлжээ.
өб
Хөдөөгийн сумдад сумын захиргаа, сургууль, цэцэрлэгийн гадна модон жорлон байрладаг бөгөөд “Гэрэл” цэцэрлэг ч бусдын жишгээр гаднаа цэвэрхэн модон жорлонтой. Цэцэрлэгийн бага ангийнхан нь хөтөвчинд хөнгөрдөг бол 5-6 хан настай ах эгч нар нь өвлийн хүйтэнд дулаахан цэцэрлэгээсээ гараад модон жорлонд бие засдаг ажээ. Нүүрээ угаахаар ариун цэврийн өрөөнд орж дээгүүр нь ус хийдэг угаалтуурт мөстэй уснаас шанагаар хутгаж аваад цэв хүйтэн усаар нүүрээ угааж зогсохдоо хөдөөгийн багачуудын эр зоригийг бахадмаар санагдсаныг нуух юун.
sa
Гэр хороололд амьдардаг, амьдарч үзсэн хэн бүхэнд энэ мэдээлэл сонин санагдахгүй ч хананаасаа халуун усаа авч, паартай байшинд, паалантай жорлонд бие засдаг хотын багачуудын цэцэрлэг ямар билээ гэж эрхгүй бодсон юм.
бы
Хот хөдөөгийн багачуудын ялгаа
аб
Удалгүй хооллох танхимд ороход өглөөний шаргал наран ангийг гэрэлтүүлж, цэцэрлэгийн багачуудын тоглоом наадгай, хээтэй авдар, хүүхдийн ор, багш ажилчдын гараар урласан ханын чимэглэл бүхий бүтээлүүд өнгө алаглана. Өглөөний цай шар, цагаан будаа хольсон сүүтэй будаа. Эгээ л цэцэрлэгийн жаалууд шиг эрхлэж тоглохоос наагуур өглөөний ундаа ууцгаасны дараа тус ангийн багш н.Нарантуяатай цөөн хором хөөрөлдөж амжив. 20 гаруйхан насны багш бүсгүй нутагтаа ирээд цэцэрлэгийн багшаар ажиллаад жил гаруй болсон гэнэ. УБИС-ийг дүүргэх явцдаа хотын цэцэрлэгт багшлах дадлага хийж байсан. Хот хөдөөгийн хүүхдүүдийн ялгаа маш их. Хамгийн наад зах нь. Зараа гэж ямар амьтан, хаана амьдардаг, юу иддэг вэ гэж асуухад хөдөөний багачууд хээр талд амьдардаг өвс ургамал иддэг гэж хариулдаг бол хотын хүүхэд зараа хотод байж болохгүй, гадаа гарвал машинд дайруулна гэдэг. Ер нь ажиглаад байхад хотын хүүхдүүдээс илүү хөдөөний хүүхдүүд монгол ахуй, ёс заншил, ахмад настнаа хүндэтгэх тал дээр илүү юм байна.
бй
Хотын хүүхдүүд багш нарыг, томчуудыг ялгаж харьцдаг, хэнээс айж хэнийг үл тоохоо ч сайн мэддэг. Хөдөөний хүүхдүүд агаар салхинд эрх чөлөөтэй тоглож нааддаг. Гэртээ аав ээжтэйгээ ярилцах цаг зав ихтэй байдаг. Хотын хүүхдүүд хоорондоо тоглосон ч муудалцах нь амархан. Гадаа бараг гарахгүй. Гэртээ аав ээжтэйгээ ярилцахаас илүү зурагт, компьютер, гар утас, элдэв хүүхэлдэйн кино үздэг. Тоглож байгаа тоглоом нь ч тэр хэн нэгнийг буудсан, үхүүлсэн л тоглоом тоглодог хэмээн цаанаа л нэг гунигтай ярихыг сонсоод нээрээ л манай хотын хүүхдүүд гадаа гарах бага, зурагт компюьтер ширтэх нь их байдаг даа гэж бодож суусан юм.
бй
Төслийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй болжээ
өы
Ийнхүү ярилцаж суутал “Шинэ сум” төслийн ажилтай танилцах цаг боллоо. Энэхүү төслийн хүрээнд тус сумын баруун захад 13 мянга гаруй мКв талбайд 20 ортой хоёр давхар амбулатори бүхий эмнэлэг, 640 хүүхдийн суудалтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, сумын захиргаа, 250 хүний суудалтай спорт заал гэсэн таван барилгыг бүтээн байгуулж байгаа аж. Эдгээр барилгууд нь модоор хийгдэж байгаа тул галын аюулгүй байдал хамгаас чухал тул өрөө тасалгаа бүрт галын мэдрэгчтэй ус шүршигчийг байрлуулсан гэнэ. Захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгуудын угсралтын ажил ерөнхийдөө дууссан тул дотор заслын ажил хийгдэж байгаа. Харин 250 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажил бага зэрэг удаашралтай байна. Учир нь 700 гаруй км-ийн холоос барилгын материалаа тээвэрлэх, багаж тоног төхөөрөмж өвлийн улиралд хөлдөж, царцах зэргээс ажил саатсан талаар төслийн ажлыг гүйцэтгэж байгаа “Их модун” компанийн ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн хэлж байсан юм.
бй
90 хувийн гүйцэтгэлтэй байгаа төслийн ажил ирэх гуравдугаар сарын 30 гэхэд дуусах гэнэ. Спорт цогцолборын барилга нь сургууль, дотуур байртайгаа хүзүүвчээр холбогдох бөгөөд өвлийн улиралд хүүхдүүд гадуур нь тойрч даарч хөрөх асуудал гарахгүй юм билээ. Харин сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоёр давхар барилгын дунд байх гурван давхар төмөр караказан угсралттай хэсэгхэн объект нь халуун ус, ариун цэврийн өрөөнүүд байрлах ажээ. Сумын удирдлагууд шинэ барилгууд ашиглалтад орохоор хуучин байранд нь засвар хийгээд бизнес инкубатор төв болгон ажлын байрыг нэмэгдүүлэх гэнэ. Харин “Гэрэл” цэцэрлэгийн үйл ажиллагааг үргэлжүүлнэ. Шинэ цэцэрлэг ч ажилдагаараа ажиллана. Яагаад гэвэл одоо ажиллаж буй цэцэрлэгт хамрагдаагүй 200 гаруй хүүхэд гэртээ байгаа. Ямар ч байсан цэцэрлэгт явалгүй, гэртээ цоожлуулдаг хүүхэдгүй сум болох цаг ойрхон боллоо гэж байв.
бй
Сурагчид өвөл биеийн тамирын хичээлээс чөлөөлөгддөг ажээ
өы
Ийнхүү жил шахам бүтээн байгуулалт хийгдэж буй “Шинэ сум”-тай танилцаад тус сумын “Буянт эрдэм” дунд сургуулийг зорив. Учир нь сумын ганц сургууль дээр “Шинэ малчин-Шинэ хөдөө” хэлэлцүүлэг зохион байгуулж байсан юм. Хэлэлцүүлгийг зохион байгуулсан сургуулийн спорт зааланд гадуур хувцсаа тайлахын аргагүй жиндүүхэн байлаа. Өвөлдөө сурагчид биеийн тамирын хичээлд ордоггүй гэнэ. Учрыг асуувал ер нь хөдөө орон нутгийн сургуулийн спорт заал өвөлдөө хүйтэн гээд биеийн тамирын хичээл ордоггүй хэмээн албаны хүн хэлж байлаа. Хэлэлцүүлэг дуусч сургуультай танилцаж, анги танхимуудаар орж үзлээ. Анги танхимууд нь харин дулаахан, үдийн цайгаа ууж буй хүүхдүүд биднийг хараад томоотой аргагүй гараа зөрүүлээд сууцгаах нь хөөрхөн байлаа. Хүүхдүүд өвөл биеийн тамирын хичээл л ордоггүй. Бусдаар бол хүйтэнд дасчихсан юм аа. “Шинэ сум”-ын барилгууд ашиглалтад орохоор шинэ сургуульдаа л бушуу ормоор байна. Манай суманд ирж ажиллаж байгаа ах эгч нартаа баярлаж байгаа шүү хэмээн сэтгэлийн үгээ дамжуулсан юм.
ыйф
Сумын төвийнхөн ч цаастай сүү хэрэглэдэг
өы
Сургуулиас гараад сумын төвтэй танилцахаар гадуур жаал алхав. Модон жорлонгийн гадна “Төлбөртэй 100 төгрөг”, эмийн сангийн хаяг нь “Эмийн эргэлтийн сан”, сумын караоке бар, дэлгүүр хоршоо, хийдээр нь зочлов. Бууцагаан сумын ааруул аймагтаа төдийгүй монголоо брэнд гэдгийг сонссон тул олоод авчих санаатай хэд хэдэн дэлгүүрээр орсон ч олсонгүй. Сүү зарж байгаа ганц хоёр дэлгүүрт нь цаасан ууттай сүүнүүд л мэр сэр харагдах аж. Сүү, цагаан идээ ховорхон байгаагийн учрыг худалдагчаас асуувал малчны хотонд л очвол сүү цагаан идээ элбэг олдоно. Сумын төвийн малтай айлуудаасаа хааяа сүү авдаг. Гэхдээ ихэнхдээ ууттай сүү л хэрэглэдэг юм гэлээ. Яагаад 45 сая тоо толгой малтай байж сүү цагаан идээ хомсдолтой байдаг юм бэ гэсэн асуулт эрхгүй төрж байсан юм.
Шинэ аялалд гарсан нь
өы
Сумын төвийг бүтэн тойрчихсон тул цэцэрлэг рүүгээ очиж хэсэг амраад байтал, УИХ-ын гишүүн Д.Ганбат Гурванбулаг суманд очиж, “Адуучин” тэмцээн үзэж сонирхоно, замдаа 2013 оны “Улсын сайн малчин”-ы гэрээр зочилно. Явах хүн байна уу цөөхөн хэдэн сэтгүүлч авч явна гэсэн тул Монгол ТВ, Улс төрийн тойм, Өдрийн сонин-гийн сэтгүүлчидтэй хамт нэгдсэн юм. Хамгийн гол нь бидний очих Гурван булаг сум нь Баянхонгор аймгийн хамгийн хүйтэн сум, зун хөвөнтэй дээлтэй зогсохгүй бол даардаг тийм л хүйтэн нутаг гэдэг нь сонирхол татав. Нөгөө талаар хэдэн зуун км-ийн алсад ирсэн надад шинэ сонин, сонирхолтой бүхнийг үзэж харж, аяны богцоо дүүргэх нь бас нэг боломж гэж бодогдсон юм. Аялалын багийнхан маань гурван жип машинд хуваагдан суугаад эхлээд Заг суманд очиж, сумын “Соёлын төв”д Валентины баяр тэмдэглэн, жийп машины тосол тас хөлдөөдөг Гурванбулаг суманд өдөртөө -40 хэмийн хүйтэн байхад “Адуучин” тэмцээн хэрхэн үргэлжилсэн, аймгийн Цагдаагийн газрын малын хулгайтай тэмцэх шилдэг “ШБОС” зэрэг олон сонирхолтой үйл явдлаар дараагийн хэсэг үргэлжлэх болно.
5
Үргэлжлэл бий...
ы













П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ