“Coal Mongolia 2014” олон улсын чуулган болж байна
Уул уурхайн яам, Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан, Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” ТӨХК хамтран “Coal Mongolia-2014” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Энэхүү чуулга уулзалтад салбартаа нэр хүнд бүхий 55 гаруй байгууллага ивээн тэтгэж, дэмжин оролцож байгаа аж. Дөрөв дэх удаа зохиогдож буй энэхүү чуулган Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Хөрөнгө оруулалтын тухай хууль шинэчлэгдэн батлагдсаны дараа зохион байгуулагдаж байгаа юм. Иймээс эдгээр хуулийн хэрэгжилт болон нүүрсний салбарын хэтийн төлөв, өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх, үнэ цэнийн талаар хэлэлцэх гэж байгаагаараа онцлогтой.
5
“Биднийг том зорилт, том ажлууд хүлээж байна. Ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шингээх боломжтой нүүрсний салбарт манай улс ирэх жилүүдэд хэд хэдэн том төсөл хэрэгжүүлнэ” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Coal Mongolia 2014” олон улсын чуулганы нээлт дээр хэллээ. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр нүүрс боловсруулалт, экспортын чиглэлээр хоёр том хэлэлцээр хийж, албажуулсан юм.
5
20 жилийн хугацаанд Монгол Улс нэг тэрбум нүүрс Хятадад нийлүүлэхээр тохиролцсон нь ойрын ирээдүйд энэ салбарын хөгжлийг тодорхойлсон гол үзүүлэлт. Энэ хэмжээний нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзэхэд жилд 50 шахам тэрбум ам.долларын борлуулалт болно. Бас нэг том төсөл бол Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулах. 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан энэ үйлдвэр жилдээ 50 сая тонн нүүрс боловсруулна. Үйлдвэрлэсэн хийн түлшээр дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй Хятадын зах зээлд борлуулахаар төлөвлөж байна. Нүүрснээс шингэн түлш гаргаж авах төсөл ч эхэлсэн гэж Ерөнхий сайд хэлээд “Зөвхөн нүүрсэнд түшиглэсэн дээрх төслүүд Монгол Улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр нэмэх гээд нийгэм, эдийн засагт олон хэлбэрээр үр нөлөө өгнө” гэлээ.
Арваад орны 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаа “Coal Mongolia 2014” чуулга уулзалт Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж, нүүрсний салбарын боломж, тулгамдсан асуудлын шийдлийн талаар мэргэжилтнүүд, бизнесийнхэн, хөрөнгө оруулагчид хамтран хэлэлцэнэ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ