Н.Энхээ: Хууль бусаар томилогдсон эрхэм шат шатны шүүхийг өөртөө урвуулж байна
Татварын байгууллагын хууль бус томилгоо, Үндсэн хуулийн Цэц болон шүүхийн хууль бус үйл ажиллагааны талаар Баянзүрх, Налайх дүүргийн татварын хэлтсийн дарга асан Н.Энхээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Учир нь түүнийг одоогоос хэдэн жилийн өмнө Баянзүрх дүүргийн татварын газар хэлтсийн даргын алба хашиж байхдаа, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, ёс зүйн ноцтой зөрчил дахин давтан гаргаж, улмаар ажил хаян Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, заалтыг зөрчиж ажлаас нь чөлөөлж, Чингэлтэй дүүргийн шүүхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэрбээр тухайн үедээ ажлаасаа хууль бусаар халагдсан хэмээн үзэж, Татварын ерөнхий газрын үүдэнд суулт зарлаж байсан удаатай.
Тэгвэл тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллэхдээ “Миний бие Татварын ерөнхий газрын “үүрэг гүйцэтгэгч” Ц.Оюунбаатарыг татварын улсын байцаагчийн эрхгүй, хөдөлмөрийн хууль зөрчиж татварын газрын зарим ажилтныг ажлаас халсан хэмээн үзэж, Төрийн албаны зөвлөлд гаргасан юм. Түүний дараа Үндсэн хуулийн Цэцэд Ц.Оюунбаатарыг даргаар томилсон шийдвэрийг хууль бус гэж үзэж өргөдөл гаргасан. Гэтэл түүнээс хойш гурав хоногийн дараа намайг Налайх дүүргийн татварын хэлтсийн даргын албанаас үндэслэлгүй чөлөөлсөн. Учир нь би Ц.Оюунбаатар болон татварын олон булхайг мэддэг.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг 2009 онд “Кёкүшюзан хөгжил сан”-гийн 790 сая төгрөгийн татварын өрийг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хууль бусаар үйлдүүлж, цуцалсан асуудлыг баримт, нотолгоотой нь мэднэ. Үүнээс болж намайг ажлаас ор үндэслэлгүй шалтгаанаар халсан. Үүнийг би шалгуулахаар Нийслэлийн шүүх, АТГ-т өгөөд, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Гэвч энэ хэргийн ард тухайн үеийн МАН-ын ЕНБ-ийн дарга У.Хүрэлсүхийн хуулийн зөвлөх Я.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг нар байсан учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би энэ асуудлын араас гурван жил явж байна.
Ингээд бодохоор Татварын байгууллагын хууль бус томилгоогоор томилогдсон эрхэм Үндсэн хуулийн Цэц болон шат шатны шүүхийг өөртөө урвуулж, хуулийг хүчингүйдүүлж байна” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ