Тусгай дугааруудыг цэгцэлнэ
ШӨХТГ, Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн байгууллага хамтран ойрын хугацаанд үүрэн болон суурин телефоны оператор компаниудыг шалгалт явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл Харилцаа, холбооны зохицуулах газраас дөрвөн оронтой тусгай дугаарыг найман оронтой дугаарт шилжүүлэхээр болжээ.
Учир нь бизнес эрхлэгчид болон албан байгууллагууд тусгай дугаар болох дөрвөн оронтой тоог ашиглахыг хүсдэг ч дугаарын хувилбар цөөхөн байдаг юм байна. Мөн олон улсын жишигт төлбөртэй тусгай дугаар нь найман оронтой байдаг гэнэ. Иймд одоо ашиглаж буй дөрвөн оронтой дугаарын өмнө 1800, 1900 гэсэн тоо нэмэхээр шийдвэрлэжээ.
Тухайлбал, энгийн үнэ тарифтай тусгай дугаар ашигладаг байгууллага 1800 гэсэн дугаарыг ашиглах бол ашиг олох зорилготой аж ахуйн нэгж 1900-г хэрэглэх юм.
Дашрамд дуулгахад, тусгай дугаарын өөрчлөлтийг 2014 оны эхнээс иргэдэд танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ