Хөл, гаргүй ТОЛГОЙ хэр амьдрах настай вэ
Хөдөө аж ахуйн бирж гээд баахан шуугиулав. Ченжийн гар дамжуулахгүйгээр бага шиг нэмүү өртөг шингээгээд хэрэглэгчдийн гар дээр очих гэнэ. Өөрөөр хэлбэл, малчны хотноос бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэлд, тэгээд зах зээл дээр нийлүүлнэ гэж хошгирууллаа. Өч төчнөөн төсөл хөтөлбөр, хөрөнгө мөнгөний томьёолол, зарцуулалт. Хэрэгжилтэд нь тун муу гэсэн үнэлгээ өгсөн. Цацаад байсан хөрөнгө мөнгө мөнөөх ченжүүдийг өөгшүүлсэн арга хэмжээ болов.
6
Уг нь энэ бирж бидэнд асар их хэрэгтэй. Мах, гурил, хүнсний ногоогоор өөрийгөө хангах хэмжээний хүнсний потенциалтай улс импортын дарангуйлал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөд савлаад баймааргүй байх юм.
5
Хавар болохоор ноолуурын төлөөх дайн дэгдэнэ. Үндэсний үйлдвэрлэлийнхэн үйлдвэрлэлийн өртөг зардлаа шингээгээд малчдад санал болгоно, дундуур нь ченжүүд ороод л бүгдийг хамчихна. Голдуу хятад эзэнтэй. Хэсэг өсгөж байснаа нам унагана. Үндэснийхэн аваад эхлэхээр зөрүүлээд л өсгөчихнө. Түүнийг нь гардан биелүүлэгч нар нь мөнөөх л ченжүүд. Бүр тэд болно гэдгийг урьдчилаад дуулгачих жишээтэй. Ноолуур ноосны үнийг зохист төвшинд байлгах гэж үе үеийн Засгийн газар хүчин мөхөсдөж байсан. Хэдэн зуун тэрбум төгрөг чухам энэ хоёр түүхий эдийн үнийн өсөлтөд маний татварын мөнгөнөөс төр зарцууллаа. Нэмэр болсонгүй ээ.
5
Хөдөө аж ахуйн бирж байгуулаад ашиг тусыг эс олов. Аргаа бараад байнга муу хэлэгдээд байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд овоохон мөнгө төсөвлөөд ашгийг эс хүртэв. Нийлүүлэлтээ яаж шийдээгүй бараа бүтээгдэхүүн эдийн засагчдын хэлдгээр яаж амьд орлого болох вэ дээ. Төрд ч хэрэглэгчдэд ч бөөн хямрал дагуулав. Ченжид эзлэгдсэн төр жилдээ дор хаяж нэг тэрбум ам.долларын хөрөнгө эргүүлдэг хөдөө аж ахуйн түүхий эдийн зах зээлийн 70 гаруй хувийг алдаж байна. Аймаар тоо шүү. Уул уурхайн энэ гэнэтийн хэдэн ашгийн дэргэд байнга эргэн төлжигддөг орлогын маань хэмжээ шүү дээ.
5
Далд эдийн засгийн хүрээг тэлж байгаа хамгийн гол үйлдвэрлэл өнөөдөр ченжийн урсгал болчихоод байна. Уг нь Хөдөө аж ахуйн биржийг үүнийг зохицуул гэж байгуулсан. Үүргээ гүйцэтгэсэнгүй. Нөхдүүдэд хариуцлага хүлээлгэж бас болохгүй. Төр өөрөө багаас сум, сумаас аймаг, аймгаас хот суурин руу дамжуулах нийлүүлтийн цогц үйл ажиллагааг хангасангүй. Зүгээр л цаасан дээр бирж ингэж ажиллах ёстой гэсэн ерөнхий томьёолборыг гаргасан болохоос биш нарийн зааварчилгаа өгсөнгүй. Тэгсэн атлаа сая ажлыг нь шалгаж үзээд шууд л дүн тавилаа.
5
Хөлгүй толгойг хэчнээн удаагийн шалгалт хяналтаар нам дарж болно. Эдийн засгийн эргэлтээс гадуур яваад байгаа энэ их хөрөнгө мөнгийг оруулахад татварын орчин, хууль эрхзүйн ойлгомжгүй байдал илүүтэй нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Уг нь малчдын хотноос үйлдвэрлэгчид, эцсийн хэрэглэгчдэд хүрдэг дундын олон шат дамжлага багасч, ченжүүдийн дураараа авирладаг хөг өнгөрөх гэнэ. Энэ тохиолдолд жилдээ 1.5 тэрбум ам.долларыг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн худалдаанаас олох боломж байлаа. Нэмүү өртөг шингээгээд зарвал бүр хоёр тэрбум ам.долларт очно. Ирэх жилийн төсвийн хуульд энэ талаар тодорхой зүйл заалт тун ховор. Хөлийг нь хийж өгөөгүй төр толгойноос юугаа нэхэх вэ гэж тооцоолсон хэрэг. Орлого яах болж байна аа гээд асуухаар мөнөөх л уул уурхайн хэдэн “толгойгоо” яриад дууслаа.
6
Уг нь нүүдэлчин Монголчууд Төв Азийн энүйд төрт улсаа байгуулснаас хойш лавтайяа 2 мянга гаруй жилийн турш өлсч ундаасч явсангүй. Мал аж ахуй маань бидний хэрэгцээг өлхнөө хангачихдаг байлаа. 90-ээд оны шилжилтийн хүнд бэрх үед Дэлхийн хоёрдугаар дайны үед Ленинградчуудын хэрэглэж байсан хоол хүнсний нормативын картаар хоол хүнсээ базааж байлаа. Гэлээ гээд өлсөөгүй, ядраагүй. Санаж байгаа бол улсын төсөв 300 хүрэхгүй сая төгрөг байсан юм шүү. Хөдөө аж ахуйн маань л буян байсан. Өнөөдөр хэдэн их наядаар төсвөө ярих болсон хэрнээ байгаа байдал бахь янзаараа. Бид жилдээ 7000 тонн ноолуур, 400 сая тонн сүү бэлтгэж байна. Гээд дийлэнх нь гадагшаа л урсч байна.
5
Импортын хуурай сүүг авчраад л найруулаад байгалийн цэвэр сүү гээд нийлүүлж байна. 400 сая тонн сүү гэдэг манай улсын жилийн нийт хэрэгцээг элбэгхэн хангачих хэмжээний сүү. Кг ааруул, ээзгий, литр тараг, айрагны үнийг энгийн мануус өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэж дийлэх үү.
5
Арьс ширний тухайд бүр хэцүүдсэн. Өнгөрсөн долдугаар сард гарсан Засгийн газрын тогтоолоор малчдад үндэсний үйлдвэрт тушаасан нэг ширхэг бодын ширэнд 15 мянган төгрөг, богийн арьсанд 3000 төгрөг олгохоор болсон. Үүнд 40 тэрбум төгрөг төсөвт тусгасан. Жилдээ бэлтгэдэг 10.3 сая ширхэг арьс, шир боловсруулдаг гэх ч үндэсний үйлдвэрлэлийнхэнд хамаа ч үгүй байсаар ирсэн. Малчдын боловсруулсан арьс, ширийг үндсэндээ ченжүүд дамжуулан түүхий эдээ гадныханд зарсаар нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг хангалттай үйлдвэрлэж чадахгүй байсан хэвээр л байна. Гэтэл өмнөд хөршийнхөн маань нэг үхрийн ширийг дөрвөн үхрийн шир болгон тэлж сунгаж боловсруулаад эргээд үйлдвэрлэгчид рүү маань нийлүүлж байна. Нэг үхрээс гурван үхрийн ширний дайтай ашиг олж байна шүү дээ. Гутал үйлдвэрлэгчид энэ зовлонг зөндөө ярьдаг. Манай тунгалаг атлаа дүлий төрийн хариулдаггүй сэдвүүдийн нэг энэ. Сайхан яриад хөл гарыг нь тасдчихсан бөндгөр толгой Хөдөө аж ахуйн биржээр бид яах болж байна аа. Бүүр хардах юм бол энэ хуулийг батласан эрхэм түшээдийн олонхи нь ченжийн тэмтрүүлүүдийн толгой нь юм биш биз.
6
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ