Малын ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна

img

Хээлтүүлэгч малыг бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдал, сүрэг сэлбэх өсвөр хээлтүүлэгчийн баталгаажилт, бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус улиралд эх сүргээс тусгаарлах технологи үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтад Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Дундговь аймгийн Адаацаг, Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Завхан аймгийн Цагаан хайрхан, Цагаан чулуут, Шилүүстэй сумдын мал аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд хамрагдсан байна.

 Хээлтүүлэгч малын ашиг шимийн түвшин тогтоож бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдал нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал сумын хэмжээнд хангалтгүй шалгагджээ. Харин  Дундговь аймгийн сумдын түвшинд гойд ашиг шимт малыг тодруулан малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа боловч бог малын хээлтүүлэгчийн үржлийн бүртгэлийн гэрчилгээнд баяжилт хийх ажил хангалтгүй хийгдэж байгаа. Мөн Дэлгэрцогт сум 72848, Адаацаг 131456, Эрдэнэдалай 253436, нийт 457740 толгой малтайгаас Малын бүртгэл мэдээллийн санд 207183 толгой мал бүртгэгдэж, нийт малын 45.3% байгаа нь “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмыг зөрчиж байна.

Шинээр үржилд сонгон тавьж буй өсвөр хээлтүүлэгчийг ихэвчлэн цөм болон торгон сүргээс тавихад анхаарч байгаа ч сумын мал эмнэлэг, үржлийн тасгаас түүнд тавих хяналт сул байдаг нь тогтоогджээ. Гэвч энэхүү ажилд сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчаас тавих хяналтыг сайжруулж, нутгийн малын ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг шалгалтын явцад илрүүлжээ.

Мал хээлтүүлэгт ердийн хээлтүүлгийн аргыг хэрэглэж, хээлтүүлэгчийг бүртгэлжүүлж, ээмэгжүүлсэн ч үржлийн бүртгэлийн гэрчилгээг хөтөлж хэвшүүлэх, үржлийн бүртгэлийн санд баяжилт хийх шаардлагатай байгаа аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ