Монгол-Лаосын соёлын өдөрлөг болно
Монголын Залуучуудын Холбооноос санаачилан “Монгол-Лаосын соёлын өдөрлөг”-ийг энэ сарын 30 буюу ирэх бямба гарагт МЗХ-ны төв байрны нээлттэй танхимд зохион байгуулахаар болжээ.
Тус өдөрлөгт монгол улсад сурч байгаа Лаосын 40 гаруй оюутан болон манай залуучуудын төлөөлөл оролцоно. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Лаос улсын хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, хоёр орны залуусын нөхөрсөг харилцааг бий болгох, мэдээлэл, санал бодлоо солилцох ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.
Өдөрлөгийн хөтөлбөрт МЗХ-ны үйл ажиллагаа болон Лаос улсын танилцуулга, үндэсний хувцас, хоол, урлагийн үзүүлбэр, хоёр орны залуусын танилцах хөгжөөнт тэмцээн багтажээ. Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 51 жилийн ой тохиож буй юм байна.
Өнгөрсөн зургадугаар сард Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Бүнньян Сайсанвонгтой МЗХ-ны төлөөлөл уулзжээ. Энэ үеэрээ Лаосын Ардын Хувьсгалт Залуучуудын Холбоо (ЛАХЗХ) –ны урилгаар албан ёсны айлчлал хийх, хамтын ажиллагааны хөтөлбөр батлах, Монгол улс болон Лаос улсын мал аж ахуй, газар тариалангийн салбарт харилцан мэргэжилтэн солилцох зэргээр хамтарч ажиллах тухай ярилцжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ