Авилгал авсан төмөр зам, гаалийн ажилтнуудыг шүүнэ
Хуш модны самар хилээр гаргахыг хориглосон шийдвэрийг зөрчсөн хятадуудаас хахууль авсан цагдаагийн ажилтнуудын хэрэг шүүхээр шийдвэрлэгдээд байгаа билээ.
Тэгвэл мөн хэрэгт холбогдож, хятадуудаас хээл хахууль авч хуурамч бүрдүүлэлт хийсэн гэх Улаанбаатар, Говьсүмбэр, Замын-Үүдийн гаалийн байцаагч таван хүн, төмөр замын хоёр ажилтны хэргийг удахгүй шүүхээр шийдвэрлэхээр болжээ. Учир нь тэд энэ хэргийн гол холбогдогч Х.Амартүвшинтэй хамтран жоншны нэгэн уурхайн эзнээс хилээр жонш гаргахад ашигладаг падаан их хэмжээгээр авч, түүнийгээ үндэслэн хуурамч бүрдүүлэлт хийлгэхэд ашигладаг байсан гэдэг.
Харин хэргийн улмаас улсад дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан нь шалгалтаар тогтоогджээ.
Дашрамд дуулгахад, Х.Амартүвшин гэгч нь 1995-2008 онд Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад авлига авсан хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагаас халагдсан нэгэн гэнэ. Түүнийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас багагүй хугацаанд эрэн сурвалжилсны дүнд өнгөрсөн зун нэг нууц байрнаас нь саатуулсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ